“Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье-зүүн бүсийн чуулган” зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-12-13

“Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье-зүүн бүсийн чуулган”-ыг Дорнод аймагт 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Чуулганыг 

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 
  • Яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, 
  • АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр
  • Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилттэй “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах II үе шаттай төсөл"
  • Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”
  • Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”
  • Канад улсын “Мерит төсөл”
  • НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлага төсөл”
  • Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”
  • Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулав. Чуулганд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 300 гаруй үндэсний үйлдвэрлэгчид, хоршоологчид оролцож, төрөөс авч хэрэгжүүлж буй дэмжлэгүүд болон олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилттэй төслүүдэд хэрхэн хамрагдаж, дэмжлэг авч болох талаар өргөн хүрээний мэдээлэл авлаа. 

 

Х.Болорчулуун: Үндэсний үйлдвэрлэгчдэдээ хөнгөлөлттэй зээл тусламж олгохоос гадна зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах нөхцөлийг бий болгож, дэмжинэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдрийн арга хэмжээг бид Улаанбаатар хотод бус орон нутагт зохион байгуулж, орон нутгийн үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, хоршоологчдодоо хүрч ажиллахыг зорьсон”-оо дурдаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хөгжүүлэх чиглэлээр салбар яамнаас ямар бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм. 

 

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд олон улсын санхүүгийн байгууллагын санхүүжилттэй 8 төсөл хэрэгждэг. Эдгээрээс 5 нь чуулганд хүрэлцэн ирээд байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гадна эдгээр төслүүдийн зарим нь 5-8 тэрбум төгрөгийг нэг аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох боломжтой. 
  2. Ирэх оноос хүнс, хөдөө аж ахуйн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах нэн тааламжтай тохироо бүрдэж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол батлагдаж, 1.7 их наяд төгрөгийг 4 жилд зарцуулахаар төлөвлөсөн. Зөвхөн 2023 онд гэхэд хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбарт ажиллаж буй баялаг бүтээгчдэд олгох зээлийн хүүгийн зөрүүнд 138 тэрбум төгрөг төсөвлөсөн. 
  3. Манай яам төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах чиглэлээр сүүлийн хоёр сар нэлээн хэдэн ажил хийгээд байна. Жишээлбэл, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бичгийн бүрдүүлэлт хийхдээ 7 байгууллагаас 26 нэр төрлийн баримт бичиг бүхий 43 материалыг давхардуулан бүрдүүлдэг. Энэ нь 8 баримт бичгийн давхардал үүсгэхээс гадна хамгийн багадаа 316 цаг буюу 13 хоногийг зарцуулдаг. Тэгвэл салбар яамнаас “Нэг цонхны бодлого” хэрэгжүүлж, 96 цагт багтаан мах экспортод гаргахад баримт бичгийн зөвшөөрөл авдаг тогтолцоог бүрдүүлэх зорилготой ажиллаж байна. 
  4. Хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд ямааны ноолуурын боловсруулалтыг нэг шат ахиулж, ирэх оноос зөвхөн самнасан ноолуур гаргах техникийн зохицуулалтыг батлуулсан. Зөвхөн самнасан ноолуур гаргаснаар 4500 орчим ажлын байр нэмэгдэнэ. Цаашдаа бид ямааны ноолуурын утас ээрэх рүү явах ёстой. 
  5. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд хамгийн гол хөшүүрэг бол борлуулалтыг дэмжих байдаг. Импортын барааны гаалийн 5 хувийн татварыг хийж чадаж байгаа, хийж чадах бараа бүтээгдэхүүнд үе шаттайгаар 2-3 жилийн хугацаанд нэмэгдүүлэх хуулийн төслийг боловсруулж, энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.172.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.