Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн иргэдтэй хийх 15 дахь удаагийн уулзалт боллоо
Үйл явдал
/
2022-12-05
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн иргэдтэй хийх 15 дахь удаагийн уулзалтаа 1, 2, 3 дугаар хорооны иргэдийг хамруулж “Иргэдээ сонсъё” уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
 
Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулав.
Мөн 1 дүгээр хороог "Ногоон бүс" болсныг онцлон 145 камерыг шинээр байршуулж, гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн талаар, түүнчлэн дүүргийн бүх хороог "Ногоон бүс" болгон төлөвлөн ажиллаж байгааг дурдлаа. Цаашид энэхүү уулзалтыг жилд хоёр удаа хийж байх бөгөөд өмнөх уулзалтад оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн асуудлыг шийдвэрлэж ажилласан талаарх мэдээллийг эргэн уулзаж ярилцаж байхаа онцлон хэлсэн юм.
 
Иргэдийн уулзалтад хүрэлцэн ирж санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь байрны сантехник, дулаан хангамжийн угсралт тоног төхөөрөмжийг сайжруулж өгөх, гадна фасад, дээврийн ус гоожилт, автомашины зогсоол хүртээмжийг нэмэгдүүлж өгөх, хог ачилт, урт цагааны байрны талаар анхааралдаа авч өгөхийг хүслээ. Засаг даргын хувьд дээрх асуудлуудыг холбогдох хэлтсийн дарга нарт уламжилж, яаралтай шийдвэрлэхийг үүрэгдлээ.
Уулзалтад санал хүсэлтээ илэрхийлэхээр ирсэн иргэдээс гадна дүүргийн хэлтэс албадын дарга нар болон тухайн тойргоос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн удирдлагууд оролцлоо.
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.183.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.