Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын 90 жилийн ойд зориулсан баярын мэндчилгээ
Үйл явдал
/
2022-12-12
Монгол улсын урлагийн ууган байгууллагуудын нэг "Цэргийн ансамбль" нэрээр түмэн олноо алдаршсан Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын үе үеийн ахмад уран бүтээлчид болон нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд түүхт 90 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Ардын хувьсгалт цэргүүдийн дундаас дэлгэрсэн "Шивээ хиагт", "Магнаг үсэгтэй туг" зэрэг дуунууд нь шинэ цагийн соёл, урлагийн байгууллагууд болон Цэргийн чуулгын маань уран бүтээлийн эхлэл байсан төдийгүй Ардын журамт цэргийн дуулал болон ард түмэн, цэрэг дайчдын сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж, бид бүгдэд өвлөгдөн ирсэн түүхтэй билээ.
Эдүгээ түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж буй Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга нь Ардын хувьсгалын ялалтыг дархалж, Халхын гол, Чөлөөлөх дайны хүнд бэрх жилүүд, энх цагийн бүтээн байгуулалтын талбарт ч цэрэг дайчидтайгаа мөр зэрэгцэн зүтгэж, харийн дайснаас эх орноо хамгаалах, улс орноо хөгжүүлэх их үйлсэд ая дуугаараа түрлэг нэмж, ялалт, амжилтыг цогцлооход хувь нэмрээ оруулж, урам зориг өгч байлаа.
Түүнчлэн Монголын соёл, урлагийн бусад томоохон байгууллагуудын үндэс суурийг тавих, хөгжүүлж бэхжүүлэх, уран бүтээлчдийг сургаж бэлтгэх, урын санг баяжуулах, материаллаг баазыг бүрдүүлэхэд Цэргийн чуулга ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тухайн цаг үеийнхээ урлаг, соёлын мэргэжилтэн бэлтгэдэг нэгэн сургууль нь болж байсан юм.
Тус чуулгаас төрөн гарсан олон арван алдар гавьяатан, үе үеийн удирдлага, алдарт "Жаран хар", "Арван цагаан" авьяас төгөлдөр уран бүтээлч хамт олны уйгагүй хичээл зүтгэл, уран бүтээлийн үр шимээр "Эрдмийн" хэмээх нэр хүндтэй алдрыг хүртэж эдүгээ Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга хэмээх нэрээр овоглон Монголын урлагийн салбарын болон Төрийн цэргийн байгууллагуудын соёл, урлагийн тэргүүлэх байгууллага болтлоо хөгжин дэвшиж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал баатарлаг үйл хэргийг уран бүтээлээрээ дамжуулан иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд ардын уламжлалт ёс заншил, гоо зүй, ёс суртахууны боловсрол олгож, төлөвшүүлэхэд тус чуулгын оруулсан хувь нэмэр, байгуулсан гавьяанд бид бүхэн талархаж явах учиртай билээ.
Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын урын сан, уран бүтээлийн агуулга, чанар, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар жилээс жилд сайжирч, эх орныхоо төдийгүй дэлхийн шилдэг зохиол, бүтээлүүдийг өөрийн болон гадаад улсын урлагийн тайзнаа амилуулж, эгнээнээсээ Монгол Улсын Ардын жүжигчин арав, Гавьяат цолтнууд далыг төрүүлж амжилт бүтээлээр дүүрэн яваа танай хамт олноор Монголын ард түмэн болон манай салбарын бие бүрэлдэхүүн үргэлж бахархдаг.
Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон төрөөс баримталж буй батлан хамгаалах болон соёл урлагийн бодлого, зорилтыг тууштай хэрэгжүүлж, уран бүтээлийн бодлого, цар хүрээ, урын сангаа улам арвижуулан баяжуулж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үндэсний болоод дэлхий хэмжээнд өрсөлдөх чадвартай мэргэжлийн уран бүтээлчид болон шилдэг бүтээл олныг төрүүлэн, бүх нийтийг соён гэгээрүүлэх их үйлсдээ өндөр амжилт гаргаж, манлайлан ажиллана гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.
Монгол улсын орчин цагийн соёл урлагийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний өнгө жавхаа, цог золбоо болж яваа Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын үе үеийн уран бүтээлчид Та бүхэндээ ойн баярын мэндийг дахин хүргэж, уран бүтээл нь булаг мэт ундарч, ажил үйлс нь цэцэг адил дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
УРЛАГИЙН ЯНЖИНЛХАМ БУРХАН ТА БҮХНИЙГ МӨНХӨД ИВЭЭЖ ЯВАХ БОЛТУГАЙ.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Г.САЙХАНБАЯР
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.