“Монгол Улс, БНХАУ-ын хилийн гэрээ-60 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Үйл явдал
/
2022-12-22
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газар хамтран “Монгол Улс, БНХАУ-ын хилийн гэрээ-60 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 12 дугаар сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

 

Энэхүү хурал нь Монгол Улсын өмнөд хил бүрэлдэн тогтсон түүхт 60 жилийн ой хүрээнд боллоо. Тодруулбал, Монгол, Хятадын хилийн нийт урт 4709.6 километр. Уг хилийн хэсгийг хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчдийн хамтарсан бүлэг 1962 онд хилийн гэрээг байгуулан газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1975 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлсэн байдаг. Үүнээс хойш хоёр улсын хилийг 1982-1984 онд анх удаа, 2001-2004 онд хоёр дахь удаагаа хамтран шалгаж, баталгаажуулсан үйл явдлыг өнөөдөр дахин сөхөж, түүхэн үүргийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, Академич С.Нарангэрэл, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн, шинжээч, хурандаа Б.Алтанхүү нарын болон бусад эрдэмтэн судлаачдын илтгэл, лекцээр тодотгосон юм.

 

Тэгвэл улсын хил бүрэлдэн тогтсон түүхэн ач холбогдлыг тодотгох зорилгоор зохион байгуулсан уг хурал нь “Монгол, Хятадын хилийн гэрээний түүхэн ач холбодол, үр дүн”, “Монгол, Хятадын хилийн гэрээний хоёр улсын хамтын ажиллагаанд эзлэх байр суурь, нөлөөлөл” гэх хоёр хэсгээс бүрдсэн юм. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээ ирүүлснийг Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан уламжилсан бөгөөд “Монгол Улс, БНХАУ-ын хилийн гэрээ байгуулагдсаны түүхэн ач холбогдол, үр дүн”, “Монгол, Хятадын хилийн боомтын хөгжил, худалдаа, эдийн засгийн харилцаа”, “Монгол, Хятадын хилийн гэрээний түүхэн ач холбогдол” зэрэг үндсэн найман илтгэл болоод хавсралт илтгэлүүдийг эрдэмтэн, судаалчид  хэлэлцүүлсэн юм.

Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон улсын хилийн шугамыг хөрш зэргэлдээ оронтойгоо баталгаажуулаад зогсохгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан түүхэн ач холбогдолыг өгүүлсэн эрдэм шинжилгээний хурал ийнхүү болж өнгөрлөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.235.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.