Халтиргаа гулгааны асуудлыг даваа гараг гэхэд шийдсэн байх үүрэг өгөв
Үйл явдал
/
2022-12-25

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, иргэд, олон нийтээс хүсэлт, гомдол ирж буй. Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдтой уулзлаа. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, иргэдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөс арилгах ажлын явц, үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд болон зургаан дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг нар үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар  мэдээлэл өгсөн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авсаар байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх чиглэлд 18 байгууллага, аж ахуйн нэгж ажиллаж байна. Одоогоор 1443 тонн давс, 887 тонн бодисын нөөцтэй” хэмээлээ.

 

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Манай байгууллагын хувьд хариуцан ажилладаг гол магистрал замууд, нийтийн эзэмшлийн талбайд цас, мөс цэвэрлэх ажлаа үргэлжлүүлсээр байна. Одоогоор бодисын 548.5 тонн, давсны 100 тонн нөөцтэй” гэж мэдээлэл өгөв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллахдаа холбогдох байгууллагууд, дүүргийн удирдлагууд хоорондоо уялдаа холбоо сул, зохион байгуулалтын хувьд алдаа гаргасныг Хотын дарга онцлоод, амралтын өдрүүдээр шаардлагатай арга хэмжээг авч, нөхцөл байдлыг даваа гараг гэхэд хэвийн болгохыг холбогдох хүмүүст үүрэг болголоо

Тэрбээр мөн “Иргэдээс ирж буй санал, шүүмжлэл бодитой, нөхцөл байдал хэцүү байна. Та бүхний өгч буй мэдээлэл бодит байдлаас зөрж байна. Өнөөдрөөс эхлээд шаардлагатай бүх арга хэмжээг ав. Аж ахуйн нэгж, хувийн хэвшилтэй хамтарч ажилла. Зөвхөн хотын төв замууд биш, алслагдсан дүүрэг, гэр хороололд ч даруй арга хэмжээ авах ёстой. Ажил үүргийг хуваарилаад, маш тодорхой, шуурхай, хариуцлагатай ажиллах хэрэгтэй” гэлээ.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.73.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.