Ө.Сумъяабаатар: Дүүргийн үндсэн болон харьяа хэлтсүүд оны эхнээс ажлаа уялдуулж ажиллах шаардлагатай
Үйл явдал
/
2023-01-06
Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.01.03/ боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.
Зөвлөгөөний эхэнд дүүргийн Засаг дарга шинэ оны эхний хурал,  дүүргийн удирдах ажилтнууд бүгд оролцож байгаа учраас энд онд хийх ажлын төлөвлөгөөгөө сайн гаргах, үндсэн болон харьяа хэлтсүүд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд хамтран хэрэгжүүлэх ажлаа эртнээс тусгаж, хоорондоо уялдаж ажиллах шаардлагатай байна гэдгийг онцлоод 2023 онд зохион байгуулах ажлын хуваарийг танилцууллаа. Дараа нь өнгөрсөн Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргыг өгсөн  үүрэг даалгаврын биелэлтийг Хяналт-Шинжилгээ үнэлгээний хэлтсээс танилцуулсан юм.  

Зорилтод бүлгийн айл өрхүүдийг сайжруулсан түлшний дэмжлэг үзүүлнэ
Дүүргийн Засаг дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр 9 үүрэг даалгавар өгсөн. Дээрх үүрэг даалгаврын дөрвийнх нь биелэлт 100 хувь хэрэгжсэн бол үлдсэн үүрэг даалгаврууд 30-90 хувийн биелэлттэй байна гэсэн мэдээллийг Хяналт-Шинжилгээ үнэлгээний хэлтсээс өглөө. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах үүрэг даалгаврыг өгсөн. Дээрх үүрэг даалгаврын хүрээнд төрийн өмчийн 21 сургуулийн 2640 багш, нийгмийн ажилтан, 58000 суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг холбогдох хэлтсүүдээс өгсөн байна.
Мөн сайжруулсан шахмал түлшний чанар болон борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах үүрэг даалгаврын хүрээнд гэр хорооллын зорилтод бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор айл өрхүүдийг сайжруулсан түлшээр дэмжлэг үзүүлэх ажлыг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зохион байгуулахаар бэлтгэл ажил хангасан байна.

Томуу, томуу өвчнөөр хэвтэн эмчүүлж байгаа хүүхдүүдийн 41 хувийг 1-2 насныхан эзэлж байна

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар хүүхдийн ханиад томуу эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн төвийн ачаалал ямар байгаа талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрбээр “Хүүхдийн эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт орой 17:00 цагаас хойш ачаалал эрс нэмэгдэж байгаа. Иймд иргэдийн хүлээгдэл, эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс үндсэн 1 эмч, нэмэлтээр 2 эмч ажиллаж байна. Мөн 25 хорооны ӨЭМТ-ийн эмч нар ЭМТ-ийн даргын тушаалын дагуу Хүүхдийн салбар эмнэлэгт нэмэлтээр ажиллаж байна. Сүүлийн 4 долоо хоногийн үзүүлэлтийг харахад Хүүхдийн эмнэлгийн  хүлээн авах, яаралтай тусламжийн хэсгийн үзлэг болон Хүүхдийн амбулаторийн үзлэг, НЯТТ дуудлага, эмнэлэгт хэвтэх нь эрс нэмэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн 12 дугаар сарын 2 дахь долоо хоногоос Томуугийн А, В хүрээний вирус, РСВирус эргэлтэд орсонтой холбоотой бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал ихэссэн. Иймд хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангах үүднээс дүүргийн ЭМТ-ийн Ахмадын эмнэлгийн 8 давхарт хүүхдийн 30 ор нэмэлтээр дэлгэсэн. Сүүлийн 4 долоо хоногийн үзүүлэлтийг харахад 0-1, 1-2, 3-5 насны хүүхдийн хэвтэх нь нэмэгдэж, 6-аас дээш насны хүүхэд хэвтэх нь буурсан. Хүүхдийн хэвтэлтийг насны бүтцээр харахад 41 хувийг нь 1-2 нас эзэлж байна” гэсэн юм.

ТҮК-ийн ажилчид хог тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр уртасгасан цагаар ажиллаж байна 
Дүүргийн нутаг дэвсгэр дэх 32.7 км төв болон туслах замыг Хот тохижилтын газар, “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ, “Гранд Тохижилт” ХХК хамтран халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна. Ингэхдээ дүүргийнхээ нутаг дэвсгэр дээрх хариуцсан замуудынхаа цас мөсийг цэвэрлэж халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж ажиллаж байгаа бөгөөд ингэхдээ хороод болон Замын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан зам талбайн цэвэрлэгээг хийж байна гэсэн мэдээллийг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ өглөө.  
Мөн “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Даваасүрэн “Баярын амралтын өдрүүдэд манайхаа уртасгасан цагаар буюу өглөөний 6:00 цагаас шөнийн 2:00 цаг хүртэл ажиллаж байна. Өвлийн улирал эхэлсэн учраас машин техник эвдрэх нь их байгаа. 
Иймд хогоо хугацаанд ачихын тулд хувийн хэвшлүүдтэй гэрээ байгуулж, задгай тэвштэй тээврийн хэрэгслээр хог тээвэрлэж байна” гэсэн мэдээллийг өглөө. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга дүүргийн холбогдох хэлтсүүдэд хог тээврийн машины худалдан авалтын ажлаа яаралтай зохион байгуулах, мөн туслан гүйцэтгэгчийг сонгон  шалгаруулах, түрээсийн машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хамгийн гол нь ТҮК-ийн ажилчид уртасгасан цагаар ажиллаж байгаа учраас ажилдынхаа Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж ажиллаарай” гэсэн юм.

Шинэ жилийн баярын өдрүүдээр 102 чиглэлд 231 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ

Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Амгалан-Энх баярын амралтын өдрүүд буюу 2022 оны 12 дугаар сарын 29-өөс 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн эрүү болон хэв журмын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

 
Баяр, амралтын өдрүүдэд зохион байгуулагдах нийтийг хамарсан арга хэмжээний үед Иргэдийн аюулгүй байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн газарт нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр давхардсан тоогоор 102 чиглэлд 231 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс Сүхбаатар дүүргийн 5-р хороо Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Мөнгөн шөнө” баярын арга хэмжээнд явган эргүүлийн 30, жагсаал цуглаантай холбогдуулан Сүхбаатарын талбай орчим эргүүлийн 15 чиглэлд 30, хариуцсан нутаг дэвсгэрт 45 чиглэлд 90, авто эргүүлийн 27 чиглэлд 81 алба хаагч ажилласан. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар алба хаагчдаас үүрэг гүйцэтгэх хугацаандаа 1630 хүн, 225 хүнсний дэлгүүр, 37 зах, худалдааны төв, 117 баар, 92 дэн буудал, 985 тээврийн хэрэгсэл шалгаж архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 102 иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 547 хүн, 2 хуулийн этгээдэд торгууль ногдуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 зөрчлийг илрүүлж холбогдох нэгжид хүлээлгэн өгсөн гэсэн мэдээллийг өглөө.

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, тээвэрлэдэг аж ахуй нэгжүүдэд шалгалт хийв

ОБЕГ-ын даргын гаргасан албан даалгаврын хүрээнд дүүргийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг, тээвэрлэдэг аж ахуй нэгж байгууллагуудад хийсэн шалгалтын дүнгийн талаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Наранмандах мэдээлэл өглөө. Тэрбээр, “2022 оны арванхоёрдугаар сарын 8-аас 28-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 27 шатахуун түгээх станц, газрын тосны бүтээгдэхүүний хоёр агуулах гээд нийт 29 объектод шалгалт явуулахад 201 зөрчил илэрсэн. Дээрх зөрчлөөс гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага 24 хариутай бичгээр тус бүр албажин ирж нийт 151 зөрчлийг арилгуулж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн “Аюулгүй галлагаа”, “Алдвал галдана”, “Гал ганц хором”, “Мартаж болохгүй” зэрэг галын аюулаас урдчилан сэргийлэх  нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаас гадна гэр хорооллын 8 хороонд Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулан ажиллалаа. Энэ ажлын үр дүнд гал түймрийн тоо хохирол өмнөх онтой харьцуулахад 45.7 хувиар буурсан үзүүлэлтэй байна” гэсэн мэдээллийг өгөв.

Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд болно

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331-р тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Л.Цэрэгбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр цэргийн бүртгэлийг хэрхэн явуулах талаарх сургалтыг хороодын Засаг дарга нарт явуулсан. Цэргийн бүртгэлт бүртгүүлэх цэргийн насны иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар буюу онлайнаар бүртгэлийн хүсэлтээ илгээх боломжтой гэдгийг онцоллоо. Түүнчлэн цэргийн бүртгэлд бүртгүүлэх иргэд нэгдүгээр сарын 4-20-ны хооронд харьяа хорооныхоо байранд, ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой юм байна.

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Ажлын газрын үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 цээж зураг 2 ш

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/ - 65 нас
  • Ахлах офицер - 60 нас
  • Дунд офицер, ахлагч - 55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ - 50 нас

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Татварын олон нийтийн байцаагч нар ажиллана


2023 онд дүүргийн төсөв, татварын орлогыг биелүүлэхэд дүүргийн ЗДТГ болон хороодтой хэрхэн хамтарч ажиллах талаар дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр нийт удирдах ажилтнуудад мэдээлэл өгсөн. Тэрбээр татвар бүрдүүлэх ажлын хүрээнд 34 хороонд авто тээврийн татвар хураахад хамтарч ажиллах хэсгийн ахлагч нар томилогдсон. Эдгээр хэсгийн ахлагч нар хороондоо оршин суудаг тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн авто тээврийн хэрэгслийн татварыг хураахад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Тухайлбал, нэгдүгээр сард 1-6, хоёрдугаар сард 2-7, гуравдугаар сард 3-8, дөрөвдүгээр сард 4-9, тавдугаар сард 5-0 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх ёстой. Энэ ажилд Замын цагдаагийн хэлтэс, хороодын хэсгийн ахлагч нар хамтарч ажиллана.
Мөн оны эхнээс татварын олон нийтийн байцаагч нар хороодод хуваагдаж ажиллана. Эдгээр 15 байцаагч тухайн хороонд байгаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, хог хаягдлын гэрээнд хяналт тавьж ажиллана. Түүнчлэн хог хаягдлын хураамжийг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-тай хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Иймд хороод, хэсгийн ахлагч нар өөрт байгаа мэдээллээ өгч хамтарч ажиллах шаардлагатай гэсэн юм.
Газрын зөрчил арилгах ажлын хэсэг байгуулна

Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр 2023 онд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 5 багц хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор бүх хороодод иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн саналыг авах ёстой ёстой. Нийслэлээс хэлэлцүүлэг зохион байгуулах хуваарь нь ирэхээр хороодыг Засаг дарга нарт тодорхой мэдээллийг өгнө. Тэгэхээр та бүхэн иргэд оршин суугчдаа мэдээлэл өгч, хэлэлцүүлэгт идэвхтэй хамруулаарай.  Түүнчлэн энэ оноос газрын зөрчил арилгах ажлын хэсгийг байгуулж байгаа. Үүнийг дагаад төсөв бүрдүүлэх ажил эхэлнэ. Тухайлбал, манай дүүргийн 20-р хороонд ААН-үүд олноор үйл ажиллагаа явуулдаг.  Зарим ААН-үүд хашаагаа зөвшөөрөлгүй сунгаж, олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд эдгээр ААН-ээс газрын төлбөрийг нөхөж авна. Мөн энэ онд 660 орчим гарааш буулгахаар төлөвлөгөөнд тусган бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна гэсэн юм.    

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо. Тухайлбал, дүүргийн Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн төлөвлөгөөнд саналаа өгөх шаардлагатай. Мөн дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран хоёрдугаар сарын 1-ээс 1000 машины авто зогсоолд баруун бүсийнхнийг хамруулсан цагаан сарыг угтсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулах учраас бэлтгэл ажлаа одооноос хангаж ажиллаарай. Мөн дүүргийн хэмжээнд хамгийн их осол гарч байгаа авто болон явган замуудын байршлын судалгааг холбогдох хэлтсүүдээс авч “Баянгол Шинэ өргөө”-д өгөх шаардлагатай гэсэн юм.
Дүүргийн Засаг даргын Шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаварыг танилцуулж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.223.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.