Эрдэнэт үйлдвэрийн 2022 оны спартакиадын ялагчид аваргын цомоо гардлаа
Үйл явдал
/
2023-01-06

   Өнгөрсөн оны турш Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын дунд спортын 15 төрлөөр өрнөсөн 42 дугаар спартакиад дүнгээ гаргаж, ялагчдаа тодрууллаа. Мөн уламжлалт өвлийн 13 дугаар спартакиад өндөрлөж, тэргүүн байрын баг тамирчид шагналаа гардав. Тус үйлдвэрийн нийгмийн чиглэлийн бодлого хөтөлбөрүүдийн томоохон хэсэг болох уурхайчдын спартакиад өнгөрсөн онд 42 дахь жилдээ зохиогдож, нийт 28 цех нэгжийн тамирчид спортын 15 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Аваргуудад цом гардуулахын өмнө Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ, “Эрдэнэт үйлдвэр үеийн үед их спортыг дэмжин хөгжүүлэх чиглэлд санаачилгатай ажиллаж ирсэн. Үүний нэгэн том баталгаа нь спортын иж бүрэн барилга байгууламжийг цогцлоож, орчин нөхцөлийг бүрдүүлж, Хангарьд палас, “Сархиа” байгалийн чийрэгжүүлэлт буюу цанын бааз, хөл бөмбөгийн орчин үеийн иж бүрэн ногоон талбай, газрын теннис, байт харвааны талбай гэх зэрэг олон бүтээн байгуулалт юм. Аймаг, бүс, улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон олон тамирчид Монгол Улсын нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж, эндээс улсын аварга, олон улсын хэмжээний мастерууд, олимпын медальтнууд төрөн гарсан. Тэдний үргэлжлэл нь та бүхэн юм” хэмээн баг тамирчдад хандан онцоллоо.

      Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны дунд зохиогддог 42 дахь удаагийн спартакиад, өвлийн 13 дугаар спартакиадын аваргаар Баяжуулах үйлдвэрийн хамт олон тодорч, цомын эзэн боллоо. Мөн өвлийн 13 дугаар спартакиадад нийгмийн цехүүдээс 12-р цэцэрлэг манлайлж, Оёдлын цех, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн баг тамирчид удаалжээ. Харин 42 дахь спартакиадын аварга нийгмийн цехээр Спорт ордныхон шалгарч, удаах байруудыг 12-р цэцэрлэг, Гэрээт цагдаагийн хэлтсийн баг хамт олон эзэллээ. Үйлдвэрлэлийн цехүүдээс спартакиадын дэд аваргаар Засвар, механикийн заводын баг, хамт олон тодорсон бол Ил уурхай, Автотээврийн цех, Цахилгаан цехийн тамирчид удаах байруудад шалгарч, шагналаа гардлаа. Энэ үеэр баг, хамт олноо тэмцээн уралдаанд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлж, манлайлан зохион байгуулсан зарим цехийн арга зүйч, Спорт цогцолборын багш дасгалжуулагчдыг шагнаж, урамшуулав. Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх “Эрдэнэт үйлдвэр, их спорт хоёр ихэр юм гэж үг бий. Одоогоос 42 жилийн тэртээ Эрдэнэт үйлдвэрийнхэн анхны спартакиадаа зохион байгуулснаас хойш тасралтгүй үргэлжилж байна. Үүний үр дүнд бид Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан спортын наадамд түрүүлж, үүрд хадгалах цомын эзэн болсон. Энэ бол та бүхний гавьяа, хичээл зүтгэл юм. Цаашид ч бид Эрдэнэт үйлдвэр, улмаар эх орныхоо нэр алдрыг тив дэлхийд өргөхөд хамтран зүтгэнэ” хэмээн спартакиадын шагналтнуудад баяр хүргэж, амжилт хүслээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.125.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.