Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой 6 ЧИГЛЭЛЭЭР санал гаргав
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-07

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2023.01.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.

Тэрээр танилцуулахдаа Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд үндсэн 6 чиглэлээр саналууд гаргасныг онцлов.

  1. “Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг” буюу штабт ард түмний төлөөллийг оролцуулах, нүүрсний хулгайтай холбогдогч этгээдүүдийг зарлах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг шалгах, Улсын Их Хурлын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах, төмөр замтай холбоотой үүсээд байгаа авлига, хээл хахуулийн гэмт хэргийг шалган тогтоох, оффтэйк гэрээнүүдийг ил болгоод зогсохгүй, ажил гүйцэтгэх, туслан гүйцэтгэх гэрээнүүдийг ил болгох, 2010 оноос хойших 1072 хувьцаа эзэмшигчдийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын хурлын бүх тэмдэглэл, тушаал, шийдвэр, худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбар зэргийг ил болгох талаар саналуудыг гаргасан.
  2. Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, байгалийн баялгийг олон нийтийн хяналтад оруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлаас Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай, Улс төрийн намын тухай бие даасан хуулиудыг батлах, Татвар болон Сонгуулийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн шинэчлэх, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газарт онцгой дэглэм тогтоосон хуулиудыг хүчингүй болгох саналуудыг гаргав.
  3. Төрийн байгууллагуудын мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй байгаад дүгнэлт хийж, Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг холбогдох байгууллагуудаас тээвэрлэлттэй холбоотой статистик мэдээллийг үнэн зөвөөр гаргаж, нүүрсний үнийн зөрүүний асуудлыг тусад нь авч үзэх, нүүрсний хулгайд ямар нөлөөлөл үзүүлснийг судлан, дүгнэлт гаргах, ил тод болгох, оффтэйк гэрээг нууцад хамруулсан шийдвэр гаргасан болон бүртгэлгүй нүүрсийг улсын хилээр гаргасан этгээдийг олон нийтэд зарлах, хариуцлага тооцох, хуулийн байгууллага хяналт шалгалт хийхдээ хөндлөнгийн нөлөөнд автахгүй, улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх саналуудыг гаргажээ.
  4. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулах, ард түмэнд ногдол ашиг хуваарилах, төрийн өмчийн засаглалыг өөрчлөх, хяналтыг сайжруулах, олон нийтэд нээлттэй болгох, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн бүх хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй шилжүүлэх, жижиг, том ‘’Тавантолгой компанийг ‘’ нэгтгэж орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлж, тус сангийн хөрөнгийг нийт аймгуудад тэгш хуваарилах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бүртгэлтэй байгаа “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлэх, Тавантолгойн орд ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд түүхий нүүрсийг боловсруулж хилээр гаргах, Тавантолгойн орд газрыг хашаалж иргэдийн өмчийг хамгаалах, төмөр зам, цахилгаан эрчим хүчний бүтээн байгуулалтад анхаарах, Оюутолгойн орд ашиглалттай холбоотой Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хороотой адил Тавантолгойн асуудлаар Түр хороог байгуулж, мэргэжлийн экспертүүдийг татан оролцуулж, үр дүнг Улсын Их Хуралд танилцуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг маш хямд үнээр IPO хийн арилжаалах гэж байгаа бол түүнийг зогсоох зэрэг саналуудыг хэлсэн байна.
  5. Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалт, хамрах хүрээ, сонсголын үр дүнг тайлагнах хүрээнд Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудлаар ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдыг заавал оролцуулдаг байх, зөвхөн нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулаад зогсохгүй цаашид нефть, зэс болон уул уурхайн салбарын бусад бүтээгдэхүүнээр, хил, гаалийн хяналтын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах, сонсголоос гарсан үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлдэг байх зэрэг санал гаргасан.
  6. Төрийн байгууллын харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд Улсын Их Хурал нь Засгийн газартаа тавих хяналтаа сайжруулах, Шүүх, прокурорын байгууллагын томилгоог өөрчлөх, шинэчлэх, Улсын Их Хурлын гишүүдийн халдашгүй байдал, эрх мэдлийг бууруулах, ард түмний төлөөлөл сонгогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг саналуудыг гаргасан болно гэдгийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулгадаа дурдлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.160.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.