Сөүл хотын ядуусын хороололд томоохон гал түймэр гарсны улмаас олон зуун иргэдийг нүүлгэн шилжүүлжээ
Үйл явдал
/
2023-01-22

Өчигдөр буюу Баасан гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод үлдсэн сүүлчийн ядуусын хороололд томоохон гал түймэр гарсны улмаас 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Сөүлийн өмнөд хэсэгт баян тансаг Ганнам дүүрэгтэй зэрэгцэн оршдог Гурён тосгонд өглөөний 6:27 цагт эхэлсэн түймрийг таван цагийн дараа бүрэн унтраасан байна.

Энэ тосгон 660 гаруй айл өрхтэй юм.

Түймэрт 1,700 метр квадрат талбай өртөж, 60 айлын сууц шатсан байна. Түймрийг унтраах ажиллагаанд 600 орчим гал сөнөөгч оролцсоныг албаныхан мэдээлжээ.

Одоогоор хүний амь үрэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байгаа гэнэ. Хохирсон иргэдийг ойролцоох зочид буудлуудад нүүлгэн шилжүүлжээ

Швейцарын Давос хотод Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд оролцож буй ерөнхийлөгч Юн Сүк Ёл холбогдох албаныхантай утсаар ярьж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахыг даалгажээ.

Гурён тосгонд 2009 оноос хойш 16 удаа гал түймэр гарсан байна.

Баян чинээлгээрээ алдартай Ганнам дүүрэгтэй хаяа нийлэн оршдог энэ тосгон Сөүл хотод үлдсэн сүүлчийн ядуусын хороолол гэгддэг ба Өмнөд Солонгосын нийгмийн тэгш бус байдлыг харуулдаг нэг том жишээ юм.

Тосгоны барилга байгууламжийн чанар хийц муугаас шалтгаалан зөвхөн гал түймэр биш, бас үер усны гамшигт байнга өртдөг.

Гурён тосгоны зарим сууц шатамхай хямд материалаар баригдсан, бас хоорондоо нягт шахагдсан байдаг нь гал түймэр гарах нөхцөл болдог байна.

2014 онд гарсан түймрийн дараа Өмнөд Солонгосын засгийн газар энэ тосгоныг шинэчлэн хөгжүүлэх төлөвлөгөө танилцуулсан ч оршин суугчид, газрын эзэдтэй эрх баригчдын үүсгэсэн маргааны улмаас ажил урагш муутай байсан

1980-аад оны үед хэрэгжсэн хот хөгжүүлэлт, дахин төлөвлөлтийн хөтөлбөрийн улмаас орон гэргүй болсон хүмүүс анх энд бөөнөөр суурьшиж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.84.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.