Турк дахь газар хөдлөлтөөс 8 хоногийн дараа дахин 7 хүнийг эсэн мэнд аварчээ
Үйл явдал
/
2023-02-16
Турк болон Сири улсуудад 7.8 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш найм хоногийн дараа долоо хүнийг эсэн мэнд аварсан тухай мэдээлжээ. Ойролцоогоор 200 цагийн дараа барилгын нуранги доороос аврагдсан хүмүүсийн дотор өсвөр насны хоёр хүүхэд байгаа ажээ.
Байгалийн гамшгийн улмаас барилга байшингийн нуранги доор дарагдсан иргэдийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Дахин амьд хүн олдоно гэсэн итгэл найдвар хараахан тасраагүй байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Турк, Сирийн газар хөдлөлтийг Европын бүсийн 53 улсын нутагт 100 жилийн турш тохиосон хамгийн их гарз хохирол дагуулсан байгалийн гамшиг гэж нэрлэжээ. Өнөөдрийн байдлаар Туркэд амь эрсэдсэн 31,974, Сирид 5,714 иргэн бүртгэгдээд байна. 

Сирийн газар хөдөлсөн бүс эрх баригчдын хатуу хяналтад байгаа тул олон улсын тусламж хүргэхэд хүндрэлтэй байсан бол НҮБ-ын тусламжийн цуваа тус бүсэд нэвтэрсэн тухай мэдээлжээ. 

Мягмар гарагт Туркийн Кахраманмарас хотод нурангинд дарагдсан 18 настай Мухаммед Кафер хуруугаа хөдөлгөж амьд гэдгээ мэдэгдэн аврагдсан байна. Мөн тус бүсэд 17 настай Мухаммед Енинар, түүний ах 21 настай Баки эсэн мэнд аврагджээ. Түүнчлэн Хатай мужийн өмнөд хэсэгт нурсан барилга доороос 35 настай эмэгтэй 205 цагийн дараа аврагдсан байна. 

ДЭМБ-ын Европын бүс хариуцсан захирал Ханс Клуг газар хөдлөлтөд хамгийн их өртсөн хоёр улсад 26 сая хүнд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгаа гэжээ. Тус байгууллага 400,000 хүнд шаардлагатай анхны тусламжийн хэрэгсэл илгээсэн байна. Турк улсад 19 улсын 22 тусламжийн баг эрэн хайх аврах ажиллагаанд туслалцаж байна. 

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нурж сүйдсэн 30,000 байшинг дахин сэргээн барих ажлыг ирэх сард эхлүүлнэ гэж өчигдөр мэдэгджээ. Турконфед бизнесийн нэгдлийн тооцоолсноор удаа дараалан болсон газар хөдлөлтүүдийн улмаас Туркийн эдийн засагт 84 тэрбум ам.долларын хохирол учраад байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.107.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.