П.БАТСАЙХАН: "GS25" сүлжээ дэлгүүрийн 700-800 салбар байгуулна
Үйл явдал
/
2023-02-16
"Монгол-Солонгосын бизнес форум" тус улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд өчигдөр буюу 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа.

Форумын үеэр Монгол, Солонгосын бизнесийн группүүдийн уулзалт болж, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд гарч байгаа өөрчлөлт, уул уурхайгаа хэрхэн хөгжүүлэх, шинэ хот байгуулах гэх зэрэг олон төсөл хөтөлбөрөө танилцуулсан байна.

"Шунхлай" группийн ерөнхийлөгч П.Батсайхан"Шунхлай группийн хувьд сүүлийн 12, 13 жил Хьюндай, Киа моторс зэрэг компанийн албан ёсны дистрибьютороор ажиллаж байна. Мөн ая тухтай дэлгүүрийн сүлжээ болох "GS25"-г оруулж ирсэн. Эдгээр компанитайгаа уулзлаа. Солонгосчууд цахим шилжилтээ хэрхэн хийсэн, үүн дээр бид яаж хамтарч ажиллаж болох зэрэг бизнесийн боломжийг ярилцаж байна.

Өнөөдрийн байдлаар Монголд "GS25" сүлжээ дэлгүүрийн 160 орчим салбар нээгдсэн байгаа. Цаашдаа 700-800 салбар байгуулах бодлоготой ажиллаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал, залуучуудын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж цаг хугацаа үнэ цэнтэй болсон энэ үед хүмүүс яаж ая тухтай, түргэн шуурхай үйлчлүүлдэг байх вэ гэдэгт анхаарсан сүлжээ дэлгүүрийг солонгосчууд маш сайн хийж чадсан. Үүнийг бид Монголд нутагшуулах гэж ажиллаж байна" гэлээ.

Мөн АПУ компани сүүлийн нэг жил гаруй хугацаанд өөрсдийн бүтээгдэхүүн болох "Алтан говь"-ийг Солонгост борлуулж эхэлсэн. Одоогийн байдлаар Солонгосын 17,000 дэлгүүрт борлогдож байгаа бөгөөд монгол бүтээгдэхүүнд ам сайтай байгаа талаар тэрбээр онцлов.

Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн орны эдийн засгийн нөхцөл байдлаас гадна хөрөнгө оруулалтыг хэрхэн хамгаалж, тогтвортой ажилладгийг анхаарч үздэг. Хувийн компаниудын бизнес дунд тухайн орны төр нь хууль эрх зүйн орчинд баталгаа болж байдаг учир төрөөрөө баталгаа гаргуулж бизнесийн байгууллагуудтай уулзалт хийж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.34.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.