Хан-Уул дүүргээс “Нийслэлийн шилдэг тариаланчид” тодорлоо
Үйл явдал
/
2023-02-17
Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн З.Эрдэнэчулуун, Т.Ламчин нар Нийслэлийн 2023 оны шилдэг тариаланчаар тодорлоо.
Т.Ламчин нь 1998 оноос хойш Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд төмс, хүнсний ногоо тарьж, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг нийслэлийн иргэдийг хүнсээр хангахад зохих хувь нэмэр оруулж ирсэн тэргүүний тариаланчдын нэг юм.
Жилдээ 200-250 мянган байцайны үрслэг бойжуулж, 1га талбайгаас 50-60тн байцаа хураан авснаар байцайны тариалалтаас авах ургацаараа нийслэлийн тэргүүний тариаланчдын нэг юм.
Т.Ламчин нь хүлэмжийн талбайдаа дуслын услалтын системийг бүрэн нэвтрүүлж, хучлагатай хөрсөнд тариалалт хийснээр хөдөлмөр хөнгөвчлөх, хөрсний үржил шимийг хадгалах, чийгийг алдалгүй барих технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ жилд 1-3 удаа сэлгэн тариалалт хийж, олон жил болсон малын өтөг бууцыг хөрс боловсруулалтдаа ашиглаж хөрсний үржил шимийг сайжруулсан туршлагатай тариаланч.
З.Эрдэнэчулуун нь анх 2008 онд 2 га талбайд байцаа, 10м.кв хүлэмжид өргөст хэмх тарьж ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2019 онд 4740м.кв бүхий хүлэмж, 2 га ил талбайд тус тус тариалалт хийж ирсэн тэргүүний тариаланчдын нэг.
Жилд 120.000 байцаа, 15.000 орчим өргөст хэмх үрслэг бойжуулан, 2-11 дүгээр сарын дунд хүртэл тариалалт хийж 1м.кв талбайгаас дунджаар өргөст хэмх- 15-17кг, 1га талбайгаас 70-75тн байцаа, жилд дунджаар 120 гаруй тонн хүнсний ногоо хураан авч, нийслэлийн хүн амын хүнсний ногооны хэрэгцээг хангахад тодорхой хувь нэмэр оруулж ирсэн.
Мөн жил бүр ургалтын хугацаанд 8-10 иргэнийг улирлын чанартай ажлын байраар хангахын зэрэгцээ ногоо тарьж ургуулах арга технологийг зааж сурган өрхийн орлогыг нь нэмэгдүүлсэн Хан-Уул дүүргийн үлгэр жишээч иргэн юм.
Танд болон танай гэр бүлд эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.228.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.