С.ЭРДЭНЭ: Лу.Гантөмөр Ардчилсан намыг орлохгүй
Үйл явдал
/
2023-02-17
Ардчилсан Нам(АН)-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд нар Улсын Дээд шүүх(УДШ)-ийн шийдвэр, АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Эв нэгдэл гэдэг гоё үгээр халхавч хийн эрх баригчидтай хуйвалдаж, ардчиллын нэр хүндийг унагааж байгаа хэсэг нөхдийг бид эрс буруушааж байна.

АН-аа худалдаж, эрх баригчдын "охин" нам болох замаар өөрсдийн эрх ашгаа бодож байгаа хүмүүстэй эвлэрэхгүй. Хэдийгээр эрх баригчид зарим асуудлыг гаргаж тавьсан ч эцсийн хариуцлага тооцсон зүйл харагдахгүй байна.

Мөн УДШ Улс төрийн намын тухай хуулийн дагуу хийх ёстой бүртгэлийн ажлаа бүдүүлгээр хийсэнд бид харамсаж байгаа.

УДШ-ийн нийт шүүгчийн 15 нь онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд нэг нь ч эрүүгийн хариуцлага хүлээгээгүй.

1. Мөнгө угаах гэмт хэрэгт найм,

2. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт долоо,

3. ЖДҮ-ийн хэрэгт найман шүүгч холбогдсон байна.

АН-ын Үндэсний бодлогын хороо гэх улсын бүртгэлийн гэрчилгээгүй нөхөд парламентад суудалтай намын эрх мэдлийг булаан авахыг санаархсан.

Улс төрийн хүчирхийлэл явуулж, АН-ын даргыг хууль бусаар томилсон нь Монголд ардчилал баталгаагүй болж байгаагийн нэг хэлбэр.

Хоёрдугаар сарын 18-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан зарлахаар шийдсэн. Хүндэтгэлийн үйл ажиллагаа явуулахаас гадна хууль бусаар Үндэсний бодлогын хорооны хурал зарласан этгээдүүдийн асуудлыг авч хэлэлцэнэ.

Мөн энэхүү шийдвэрийг гаргасан УДШ-ийн нэр бүхий шүүгчдийг холбогдох хууль хяналтын байгууллагад нь өгнө.

УДШ-ээс гарсан энэ шийдвэр нь захиргааны эрх зүйн акт болохоос шүүхийн хяналтын шийдвэр биш. АН-ын тамгыг хууль ёсны дагуу шилжүүлье гэж гурван удаа оролдсон ч УДШ танай нам дотроо асуудалтай байна гээд хүлээж аваагүй" гэсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.180.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.