Д.МӨНХСАЙХАН: Баянхонгорт УСАН ЦАХИЛГААН СТАНЦ барихаар төлөвлөж байна
Үйл явдал
/
2023-02-21
Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхантай уулзаад байна.

Сайхан өвөлжиж байна уу? Баянхонгор аймагт өнгөрсөн жилүүдэд шинэ зам, шинэ суурьшил, шинэ цэцэрлэг сургууль гээд олон бүтээн байгуулалт хийжээ. 2022 онд Баянхонгор аймаг ямархуу ололт амжилттай байв? 2023 ондоо ямар бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж, төсөвлөсөн байгаа вэ?

Та бүхэнд өдрийн мэнд хүргэе! Манай Баянхонгор аймгийн хувьд 2022 он амжилт бүтээлээр дүүрэн, ажил хөдөлмөр ундарсан сайхан жил болж өнгөрлөө. 2022 оныг бид иргэдийг ажил хөдөлмөртэй болгох, амьдралын чадавхыг дээшлүүлэх зорилтот жил болгон зарласан. Энэ зорилтынхоо хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөж, дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилласан. Мөн хөдөө орон нутгийн иргэд рүү чиглэсэн ажлууд ч олон хийсэн. Тухайлбал хүнсний ногоо, малын тэжээлээ ядаж өөрсдөө тарьчихдаг байя гэсэн зорилго тавьсан байгаа. Энэ ажил 2022 онд эхэлсэн юм. 2023 ондоо нэлээн эрчимжээд явах байх. Мөн ингэний сүүний үйлдвэр, дулааны цахилгаан станц, спортын ордон, гэрлэх ёслолын ордон, сургууль гэх мэтчилэн олон бүтээн байгуулалт өрнөж байна. Мөн шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт ид өрнөж байгаа. Цаашдаа Баянхонгор аймгийнхаа 2000 гаруй иргэнд газар олгохоор ажиллаж байна. Энэ мэтчилэн 2022 он ололт амжилтаар дүүрэн жил байлаа. 2023 онд дээрх ажлуудыг дуусгаж үр дүнг харна. Энэ жилийн хувьд Гэр хорооллыг дахин төлөвлөхөд 6 тэрбум, шинэ суурьшлын бүсэд 4 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа. Усны цахилгаан станцын зураг төсөл энэ оны эхээр гарна. Энэ ажил төлөвлөгдчихвөл Байдрагийн голын усан цахилгаан станц баригдаж, аймаг гэлтгүй улсын хэмжээнд томоохон бүтээн байгуулалт болох юм. Мөн зам дагаж хөгжил гэхчилэн Шаргалжуут хүрэх замын зураг төслийг гаргаж байгаа. 2024 он гэхэд ашиглалтанд оруулна. Энэ мэтчилэн 2023 ондоо хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтууд олон бий. Засгийн газраас “Алсын хараа 2050”-ын хүрээнд хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутаг хүн амаа 10-аас дээш хувиар өсгөхийг үүрэг болгосон.

Энэ хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?

Ажлын байр, орлогын түвшинг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. 1124 айлын орон сууц барихаар төлөвлөж бүх банкуудад ипотикийн зээлийн хүсэлт өгсөн. Нэн түрүүнд ажлын байрыг нэмэгдүүлж, экспортын ганц үйлдвэртэй больё л гэж төлөвлөж байна даа.

Баянхонгор аймгийн өвөлжилтийн байдал хэр байна? Та хөдөө нутгуудаараа явж ажиллав уу?

Говийн сумдаараа гайгүй хэдий ч хангайн сумдаараа хүндхэн байгаа. Цаашдаа хавар хэр байхаас л шалтгаалах байх. Манай аймаг нийт 12 мянган малчинтай. Хангайн сумдад бол хүнд байгаа. Сая би өөрөө өвөлжилт хүндэрсэн Эрдэнэцогт, Галуут сумдад ажиллаад ирсэн. Малчид маань эрвийх дэрвийхээрээ л хичээж байна. Гэвч малын хоргодол гараад эхэлсэн. Энэ жилийн хувьд манай аймаг 3.5 сая гаруй мал өвөлжиж байна. Бид сумдуудтайгаа хамтран аль болох малын хоргодол гаргахгүй байх, өвс тэжээлийг үнэд оруулахгүй байх бодлого чиглэлийн хүрээнд ажиллаж байна. Манай аймгийн хувьд өнгөрсөн жил ихээхэн ололт амжилттай жил байлаа. Ирж буй туулай жилдээ ч бас ололт амжилтаар дүүрэн байх болтугай. Нийт нутгийн зон олон минь сар шинэдээ сайхан шинэлээрэй

Та ч бас сайхан шинэлээрэй.

Баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.235.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.