Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт боллоо
Үйл явдал
/
2023-03-12

Японы Элчин сайдын яамнаас 3 дугаар сарын 10-ны өдрийн /Баасан/ 18:30 цагт Шангри-Ла зочид буудлын “BALLROOM” Их танхимд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулан зохион байгуулсан хүлээн авалтад Монголын талаас Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зэрэг нэр хүндтэй олон зочид хүрэлцэн ирлээ. 

Морин хуурын чуулга хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлсний дараа Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж, Цог Жавхлант Эзэн Хаан мэндэлсний 63 насны ойн баярын мэндийг дэвшүүлэхийн сацуу өнгөрсөн жил тохиосон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад 100 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулагдсан бөгөөд үүнд хүчин чармайлт гаргасан холбогдох бүхий л хүмүүст талархлаа илэрхийлэв. Мөн Цог Жавхлант Эзэн Хаан 2021 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болоод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзсан нь хоёр орны дотно нягт харилцааг бэлгэдэж буй хэрэг бөгөөд цаашдын хоёр орны харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа. 

Түүний дараа Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэндчилгээ дэвшүүлж, кагами-бираки* буюу сакэ задлах ёслол болж, Монгол-Японы Парламентийн бүлгийн дарга бөгөөд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хундаганы үг хэлэв. 

*Кагами-бираки гэдэг нь кагами-ита хэмээх сакэны торхны тагийг нээж, цаашдын аз хийморьтой байхыг хүсэн ерөөдөг японы уламжлалт ёслол юм. 

Хүлээн авалтын танхимд Монголтой харилцаатай Миязаки мужийн Мияконожо хотоос Миязаки үхрийн мах болоод өнгөрсөн 8 дугаар сард Сүхбаатарын талбайд “Сүүн зам” бүжгийн наадмыг зохион байгуулсан Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ нараас Японы үдон гоймонгоор дайлсан нь зочдын таашаалыг хүртсэн билээ.  

Мөн хүлээн авалтын танхимын гадна тус Элчин сайдын яам, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулахын хамт Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газруудаас Япон Улстай хамтран Монголд хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулав. 

Энэ удаагийн хүлээн авалтад “Трансвест Монголиа” ХХК, “Тоёота сэйлс Монголиа” ХХК, “Мобиком Корпораци” ХХК, “Бавариа Моторс” ХХК ивээн тэтгэгчээр оролцохын хамт бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахад хамтран ажиллаж Япон, Монголын бизнесийн харилцааны нэгээхэн хэсгээс танилцуулах боломж олгов.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.228.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.