АНУ-ын банкны салбарт 2008 оноос хойших хамгийн том хямрал тохиолоо
Үйл явдал
/
2023-03-12

АНУ-ын төрийн зохицуулах байгууллага өчигдөр Silicon Valley Bank (SVB) банкны удирдлагыг өөртөө шилжүүлж авсан нь 2008 оноос хойш тус улсын банкны салбарт гарсан хамгийн том хямралд тооцогдож байна.

Бодлогын хүүгийн өсөлттэй холбоотойгоор технологийн салбарт голлон үйлчилдэг SVB банкны үйл ажиллагаа доголдоод байсан юм.

Алдагдлаа нөхөхийн тулд тус банк саяхан $2.25 тэрбумын хөрөнгө татах гэж оролдсон ч бүтээгүй тухай мэдээ цацагдсан байна. Энэ мэдээллийн улмаас харилцагчид нь SVB банкнаас мөнгөө татаж эхэлжээ.

Пүрэв гарагт SVB банкны толгой компани SVB Financial Group-ийн хувьцааны ханш 60 гаруй хувиар унасан тул арилжааг нь зогсоосон юм.

Ижил төстэй хямрал нүүрлэхээс болгоомжилсон хөрөнгө оруулагчид бусад банкнуудын хувьцаагаа ч зарж эхэлсэн нь Баасан гарагт дэлхийн хөрөнгийн зах зээлийн гол индексүүдийг унагасан байна.

Банкны харилцагчдын $250,000 хүртэл хэмжээтэй хадгаламжийг хамгаалдаг Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорац өчигдөр SVB банкны $175 тэрбумтай тэнцэх хадгаламжийг хяналтдаа авсныг мэдээлжээ.

SVB банкны салбарууд Даваа гарагаас үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, даатгалтай харилцагчдын мөнгийг хэвийн олгож эхлэхийг тус байгууллага бас мэдэгдсэн юм.

Харин даатгалгүй харилцагчдын мөнгийг банкны хөрөнгийг зарах замаар олгох юм байна.

Калифорнид төвлөрдөг SVB банк нь АНУ-ын технологийн салбарынхан, стартап компаниудад голлон үйлчилдэг, хөрөнгийн хэмжээгээр АНУ-д 16 дугаарт эрэмбэлэгддэг банк.

Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд IPO хийсэн АНУ-ын технологийн болон анагаах ухааны компаниудын бараг тал нь SVB банкны харилцагчид юм.

1983 онд Калифорни Банк нэртэй үйл ажиллагаагаа эхэлж байсан тус банк сүүлийн арван жилд хурдтай өргөжиж, дэлхийн хэд хэдэн оронд салбартай, нийтдээ 8,500 гаруй ажилтантай болсон байна.

Гэхдээ үйл ажиллагааны ихэнх хэсэг нь АНУ-д төвлөрдөг.

Инфляцтай тэмцэх үүднээс АНУ-ын Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ өсгөснөөр стартап компаниудад хөрөнгө босгоход улам хэцүү болсон нь SVB банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн юм.

Баасан гарагт дэлхий даяар хөрөнгө оруулагчид банкнуудын хувьцаагаа зарснаас гол индексүүдийг унагажээ.

АНУ-ын NASDAQ индекс 1.7, S&P 500 индекс 1.4, Dow индекс 1 хувийн уналттай өчигдрийн арилжаа хаагдсан байна.

Ази, Европын гол индексүүд мөн уналттай хаагдсан юм.

Гэхдээ тухайн нэг салбараас хэт хамааралтай банкны хямрал нийт банкны салбарт нөлөөлөхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Хэрвээ SVB банк харилцагчдадаа төлөх хангалттай мөнгөтэй байсан бол ийм хямрал үүсэхгүй байлаа. Асуудлын гол нь хүмүүс хувьцаанд хөрөнгө оруулаад тэр нь уначихсан тул мөнгөгүй болсонд байна. Хямрал олон хүнийг айлгаж байгааг би ойлгож байна. Гэхдээ миний бодлоор энэ бол тухайн нэг банктай холбоотой асуудал” гэж CFRA компанийн шинжээч Александер Ёкум тайлбарлажээ.

Нийт банкны салбарыг хамарсан хямрал үүсэхгүй ч технологийн компаниудын хувьд хөрөнгө татахад улам хэцүү болохыг тэр анхааруулсан байна.

Баасан гарагт нийслэл Вашингтон хотод сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын сангийн сайд Жанет Йелен банк тойрсон асуудлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ. Дараа нь тэр зохицуулах байгууллагуудын тэргүүнүүдтэй уулзсаныхаа дараа “зохих хариу арга хэмжээг авч, нийт банкны системийн тогтвортой байдлыг хадгалж чадна гэдэгт итгэлтэй байгаа”-гаа илэрхийлснийг сангийн яамнаас мэдээлсэн байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.105.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.