Монгол улс ДЭЛХИЙД ДӨРӨВТ ОРОХ ЗЭСИЙН НӨӨЦӨӨ задлах гэж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-03-13
Өнөөдөр ОЮУТОЛГОЙ ордын далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орно. Оюу толгойн ил болон гүний уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс үйлдвэрлэх бөгөөд цаашдын таван жилд дунджаар 350,000 орчим тонн зэс олборлох тооцоо гаргажээ. Мөн Оюу толгой 2021 онд 163,000 тонн зэс үйлдвэрлэсэн аж. Оюу толгойн нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. Гүний уурхайн цогцолбор байгуулж, хүдрийг блокчлон олборлох аргаар олборлож газрын гадарга руу тээвэрлэх юм.

2030 он гэхэд Оюу толгой дэлхийд дөрөвт орох зэсийн уурхай болно гэсэн урьдчилсан тооцоог гаргаад буй.  Тус компани үндэсний худалдан авалтад 4.1 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд Монгол Улсад нийт 13.4 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа юм.  Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто компанийн удирдлагууд оролцоно.

Ингэснээр Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт хоёр дахин нэмэгдэнэ гэж судлаачид тооцоолоод буй.  Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2016 онд Дубайн гэрээ зурснаар эхлэв.  Түүхэнд үлдэх өдөр зөвхөн 2023-03-13 биш. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурсан 2009-10-06 өдөр, Далд уурхайн санхүүжилтийн гэрээ (Дубайн гэрээ) зурагдсан 2015-05-19 өдөр мөн түүхэнд үлдэх өдрүүд. Энэ өдрүүд байгаагүй бол 2023-03-13 нээлт болохгүй байх байсан.
 
2022 оны 12 сард Оюун-Эрдэнийн Засгийн газар 7 жил хэрэгжсэн Дубайн гэрээг зөвхөн PR-н зорилгоор хүчингүй болгов. Хүчингүй болгох үед Дубайн гэрээгээр өнөөдөр нээлтээ хийж байгаа Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын 90 хувь нь аль хэдийн нугарсан байлаа.
Эндээс дүгнэлт:
1. Далд уурхайн бүтээн байгуулалтыг харлуулахыг оролдож байгаа Дубайн гэрээний ачаар хийсэн.
2. Дубайн гэрээг хүчингүй болгосон гэдэг нь мөчир дээр нь сууж байгаад модоо хөрөөдчихсөн шүү гэдэгтэй агаар нэг.
Оюутолгой төслийн хувьд Үе үеийн Засгийн газрууд нэг нэгнийхээ ажлыг үргэлжлүүлэх үүрэгтэй болохоос үгүйсгэх үүрэггүй.
С.Баярын ЗГ төслийн туршид үргэлж үйлчлэх үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уурхайн хүчин чадлын 20 хувийг бүрдүүлдэг Ил уурхайн ажлыг эхлүүлсэн.
Ч.Сайханбилэгийн ЗГ уг ХО гэрээний хүрээнд уурхайн хүчин чадлын 80 хувийг бүрдүүлдэг Далд уурхайн санхүүжилтийг шийдэж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төслийн хүрээнд үүссэн Монголын өрийг тэглүүлж, 8 жил үргэлжилсэн Далд уурхайн нээлтийг хийж байна. Дараа дараагийн ЗГ-ууд Монголчуудад ашигтай дараагийн шийдвэрүүдийг гаргуулахын төлөө Хөрөнгө оруулагч талтай үргэлжлүүлэн ажиллах ёстой.
2015 он хүртэл зөвхөн өөрийн хөрөнгөө оруулсан РТ зөвхөн Ил уурхайгаа энэ хэвээрээ дахиад 20, 30 жил үргэлжлүүлсэн ч яахав гэдэг пээдгэр байр суурьтай байв.
Дубайн гэрээний ачаар өөрийн биш хүний 7 тэрбумын цагийн тоолууртай зээл Далд уурхайд нэгэнт булсан тул РТ-гийн гар дах хөзөр нь суларч Монголын ЗГ-т буулт хийн оногдох зээлийг нь тэглэв.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.216.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.