А:ДӨЛГӨӨН: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөх хэрэгтэй, үгүй бол бүгдэд нь ӨГӨХГҮЙ байсан нь дээр
Үйл явдал
/
2023-03-14

А.ДӨЛГӨӨН: Намайг Адъяагийн Дөлгөөн гэдэг. 30 настай. Энгийн хувийн байгууллагад ажилладаг. Ээж болон охины хамт амьдардаг. Залуучууд бидний хувьд ямар ч мэдээлэлгүйгээсээ болоод л өөрсдөө хохироод үлдсэн. Би хүүхдийн мөнгөө хуримтлуулдаг бус шууд зарцуулдаг учраас 9 хувьдаа орохгүй гэж бодсон. Анх яагаад 9 хувьдаа орчихов оо гээд судлаад үзэхэд цалингийн орлогтой ээжүүдийг хасчихсан байсан. Би өөрөө цалингийн орлоготой хэдий ч байрны зээлтэй хүн шүү дээ.

Орлогыг бохир дүнгээр тооцохгүйгээр нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар, зээл төлөлт зэргийг хасаж орлогыг тооцмоор байгаа юм л даа. За тэгээд маш олон төрийн байгууллагуудад гомдол хүсэлтээ гаргасан ч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаман дээрээ л цохогдоод дуусдаг. Шат шатны байгууллагууд мэдээллийн уялдаа холбоогүй, чадавхгүйгээс болж иргэдэд төвөг учруулж, ямар ч ажлын гүйцэтгэлгүй байна. Аль нэг шатан дээрээ шийдвэрлэх ёстой асуудлаа шийдвэрлэж чадахгүй л байгаа бол тэр байгууллага байх шаардлага яг юу байна. Хэт задгайрсан төрийн системтэй, хэрэггүй олон ажлын мистээр дүүрчихсэн хэрнээ огт ажлаа хийдэггүй.

Хүн ямар ч асуудлыг өөр дээрээ тулахаар л мэддэг юм байна. Би хүүхэд төрүүлээд л мэдсэн. Манай улсын цалинтай ээж гэх том нэртэй 50 мянган төгрөгөөр угаасаа амьдарч хүрэхгүй шүү дээ. Өөрөө ажил хийгээд амьдралаа залгуулъя гэхээр хүүхдэдээ орж буй ганц хөрөнгө оруулалтыг нь хасаад хаячихна. Бүр нэг шулах аргаа олж ядсан.

Хүүхдэд ганц хөрөнгө оруулж байсан зүйл нь л тэр хүүхдийн 100 мянган төгрөг байхгүй юу. Түүнээ биш эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэж ямар юм байдаг билээ. Угаасаа хүүхдэд ямар ч ээлгүй улс шүү дээ. Гэтэл хүүхдийн мөнгийг хүртэл хасчихаар хэн эх орноо хайрлаж үлдэх билээ.

Чи өөрөө өрх толгойлсон эх байж яаж хүүхдийн төлөө тэмцэх вэ дээ гэж хүмүүс маш их хэлдэг. Гэр бүл төлөвлөлтийн асуудал манайд угаасаа хэцүүхэн байгааг мэднэ. Эцгийн хүүхдэд өгөх тэтгэлгийг 97.3 хувь нь аавууд төлдөг гэсэн судалгаа байсан. Хүмүүс манай аавууд ёстой мундаг л гээд байгаа юм. Үгүй шүү дэ. Энэ бол хүүхдүүдийн 97.3 хувь нь ээж дээрээ өсөж байна гэсэн нотолгоо байхгүй юу. Өөрсдийн сайн сайхнаа бодоод хоёр талаас нийлчихээр хүүхэд л эцэст нь хохироод үлддэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.