Уурхайчин залуус “BAGANUUR AWARDS-2022” цомын эзэн боллоо
Үйл явдал
/
2022-12-31
Багануур дүүргийн оны тэргүүний байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүсийг тодруулах “BAGANUUR AWARDS-2022” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2022.12.30/ Өргөө соёлын төвд боллоо.
 
Дүүргийн 2022 оны ТЭРГҮҮНИЙ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН, ТЭРГҮҮНИЙ ТАМИРЧИН ДАСГАЛЖУУЛАГЧ номинацид Багануур ХК-ийн ажилтнууд шалгарсанд уурхайчин хамт олон нь баяртай байна.
Багануур дүүргийн 2022 оны “Тэргүүний инженер техникийн ажилтан”-аар шалгарсан Үйлдвэр борлуулалтын албаны ээлжийн дарга Сэрээнэндоржийн Батзаяа нь Багануур ХК-нд 23 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа манай шилдэг уулын ашиглалтын инженерүүдийн нэг юм. Тэрээр өөрийн хариуцсан ээлжийн хугацаанд удирдлага зохион байгуулалтыг өндөр түвшинд хийж, төлөвлөгөөт ажлыг тогтмол давуулан биелүүлдэг. Экскаваторын туслах машинчаас, ээлжийн дарга хүртэл дэвшин ажиллахдаа ажлаа улирал, жилээр төлөвлөж инженер хүний хийх ёстой ажил үүргийг сахилга баттай, хариуцлагатайгаар гүйцэтгэхээс гадна бичиг баримтын хөтлөлтийг үлгэр жишээ хийж ирсэн. Мөн ХАБЭА-н олон улсын стандартыг нэвтрүүлэх ажилд идэвхи санаачлагатай оролцон жин хэмжүүрийн болон вагон бүртгэгчийн ажлын байрны эрсдлийн үнэлгээг хийсэн. Вагон ачилтын хугацаа, вагоны даац ашиглалтыг сайжруулахад хамт олноо манлайлан үлгэр жишээчээр ажилладаг шилдэг инженер.
Багануур дүүргийн 2022 оны “Тэргүүний тамирчин, дасгалчуулагч”-аар шалгарсан Төмөрхуягийн Билгүүнбаатар нь 16 дахь жилдээ Багануур ХК-нд ажиллаж байна. Тэрээр компанийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг дасгалжуулахаас гадна дүүргийн өсвөр, залуучуудыг сагсан бөмбөгийн спортод татан оролцуулж, дасгалжуулан улс бүсийн чанартай тэмцээнд амжилттай оролцуулдаг өнөө цагийн шилдэг дасгалжуулагчдын нэг.
Түүний 2022 оны дасгалжуулагчийн амжилтаас дурьдвал: Уурхайчин спорт цогцолборын сагсан бөмбөгийн дугуйлангаас өсвөрийн шигшээ баг бүрдүүлж дасгалжуулан U13 насны 3Х3 улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, U13 насны улсын аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртсэн. Мөн Уул уурхайн салбарын 100 жилийн ойн нэрэмжит тэмцээнд компанийн сагсан бөмбөгийн баг тамирчдыг амжилттай дасгалжуулан мөнгөн медаль хүртсэн амжилттай байна.
Харин тамирчны амжилтнаас нь дурьдвал: Сагсан бөмбөг, үндэсний сур, байт харвааны спортын дэд мастер Т.Билгүүнбаатар нь 2022 онд Үндэсний сурын багийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Аймгийн тод харваач цол хүртсэн шилдэг тамирчин дасгалжуулагч юм.
Өөрсдийн эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж салбартаа төдийгүй, дүүрэг орон нутагтаа бусдыг манлайлан, онцгойрч “BAGANUUR AWARDS-2022” цомын эзэн болсон уурхайчин залуустаа баяр хүргэе.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.226.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.