Ч.БАТБАЯР: МАШИН АЧИХАД ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ НЬ ТОГТООГДСОН
Үйл явдал
/
2023-03-17

Шалгалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон болохыг Улсын ерөнхий прокурорын байгууллагын УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр мэдээллээ:

Машин ачилтын тухайд Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны А101 дүгээр тушаалаар зохицуулдаг. Энэ журамд зааснаар замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан хаагчид бичгээр болон цахимаар олгосон мэдээллийг үндэслэж тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, жолооч тээврийн хэрэгслээ явган хүний зорчих хэсэгт байршуулж хөдөлгөөнд саад учруулбал Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар замын хөдөлгөөний алба хаагч ажилт тээврийн ажилтантай цахим системээр дамжуулж ирүүлсэн фото мэдээллийг харгалзаж тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулах зөвшөөрөл олгодог. Харин жолоодох эрхгүй, эрх нь дууссан этгээд тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийг замын цагдаагийн нэгжийн алба хаагчид бичгээр өгч гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа.

Ачилт тээврийн зардал гаргуулж байгаа хэрнээ зөрчил шалгах ажиллагаа явуулахгүй байна гэдэг дүн гарсан. Тиймээс холбогдох хуульд өөрчлөлт оруулах хүсэлтийг ХЗДХЯ-нд хүргүүлсэн байгаа.

Тус тайлбарыг өнгөрсөн нэгдүгээр сард УЕПГ-аас өгсөн. Дата мэдээллээс харвал цагдаагийн байгууллагын алба хаагчаас 2021 он, 2022 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах 130 мянга 537 зөвшөөрөл олгосон байна. Үүнээс цахимаар олгосон 88 мянга 915 зөвшөөрөлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хуульд заасан шийтгэл оногдуулалгүй, зөвхөн зөөж шилжүүлсэн, түр саатуулсан ажиллагааны зардал, төлбөрийг гаргуулан авч, тээврийн хэрэгслийг буцаан олгосон нийтлэг зөрчил илэрчээ.

Түүнчлэн “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д зааснаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа цагдаагийн албан хаагчийн хяналтад явагдах ёстой байтал хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх журмыг холбогдох хуульд нийцүүлэн боловсронгуй болгох тухай санал, Цагдаагийн байгууллагад Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар прокурорын шаардлага бичиж, хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.15.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.