Гурван настай хүүг асрах эрхийг аавд нь өгч, ээжийг нь уулзуулахгүй байгаа
Үйл явдал
/
2023-03-17
Ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн гэх гурван настай хүү амьсгалын аппаратад 10 дахь өдрөө эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал дээрдээгүй, ухаан ороогүй хэвээр байна.

Хэргийг тодруулбал, иргэн Б-г ээж Л-ийх нь хамтран амьдрагч Э гэх этгээд зодсон. Хүү гуравдугаар сарын 6-7-ны шилжих шөнө зодуулсан ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй бөгөөд хоёр өдөр хэргийг нуун дарагдуулсан байсныг ЦЕГ-аас мэдээлсэн юм.   

Цагдаагийн байгууллагаас хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмчийг ажиллуулж байгаа ч шинжээчийн дүгнэлт гараагүй байна. 

Хүүхдийн гэмтэл бэртлийн тухай ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа: “Хүүхэд 103-аар хүргэгдэн ирэхдээ хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй ирсэн” гэсэн. 

Шулуун гэдэсний орчим няцрал ихтэй гэх оношийг лавшруулан үзвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй юм.

Хэрэг гарснаас хойш аав нь хүүхдүүдээ асран хамгаалахаар өөр дээрээ авсан бол ээжийг нь хүүхдүүдтэй уулзахыг хоригложээ.  

Хүү одоогоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. Иймд сахиур орох боломжгүй бөгөөд хариуцсан эмч нь ар гэрт нь мэдээллийг өгч байгаа аж. 

Баянгол дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээс хохирогчд хамгаалалт гаргах саналыг өгсөн ч аав нь хүлээж аваагүй байна.  Харин том ах нь одоогоор сэтгэл зүйчтэй уулзах боломжгүй байгаа аж. 

Хүүгийн ээж Л-ийн хамтран амьдрагч Э нь хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчлан, цагдан хорих арга хэмжээ авсан.  Яллагдагч Э нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл эдэлж байсан. Бусдыг залилах, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлүүдээр шалгагдаж байжээ.

Одоогоор хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 12.1.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорт хүргүүлээд байгаа юм. 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.42.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.