Баян-Өлгийд алга болсон 19 настай охиныг хөнөөж, цогцсыг нь нуусан байжээ
Үйл явдал
/
2023-03-18

Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө сураггүй алга болсон Д.Мөнтуяа гэх охиныг эрэн сурвалжилж байсан билээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулснаар А гэх эрэгтэй амь насыг нь хохироож, цогсцыг 20 км-ийн зайд нуусан байсныг олж тогтоожээ.

Хохирогч эмэгтэй энэ оны нэгдүгээр сарын 18-ны 21.40 цагийн үед “рашаан авна” гээд гэр бүлийнхнийхээ зөвшөөрлөөр гарснаас хойш гэртээ эргэж ирээгүй аж.

Түүнийг сураггүй болсноос хойш эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрэхгүй байсан учраас цагдаагийнхан тус аймаг дахь зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхантай хамтарч хоёрдугаар сарын 1-нээс хойш эрлийг зохион байгуулсан билээ.

Түүнийг тус аймаг дахь хууль сахиулах, хүчний байгууллагын алба хаагчид Бугат сумын Улаантолгой багийн “Шинэ даваа” гэдэг газрааас Өлгий сумын Хөх толгой багийн “Хүрэн зуух”, “Цагаан-Эрэг”, “Алтан-Өлгий” гэдэг газруудад нийт 148 км зайд явганаар болон автомашинаар эрэн хайсан ч олоогүй байна.

Хэргийн холбогдогч А нь тухайн өдөр хуримаас согтуу гарч яваад талийгаач эмэгтэйтэй танилцаж, машиндаа суулгаж явсан гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.