Монгол улсын зэвсэгт 32 дахь зууныхаа түүхийг бичиж байна
Үйл явдал
/
2023-03-19
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж, хөгжсөний 102 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
 
Баярын хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.
Баярын хурлыг нээж ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтний түүхэнд анх төрт улсыг үндэслэн байгуулж, Төв азийн цээжинд орших өргөн уудам тал нутагт нүүдэллэн аж төрж байсан монголчууд агуу эзэнт гүрнийг байгуулсан нь монгол цэргийн суу алдартай салшгүй холбоотой. Анхны төрт улс болох Хүннү гүрнээс эхтэй газар нутаг бол төр, улсын үндэс хэмээх бодлогоос улбаатай Их эзэн богд Чингис хааны төрийг төвшитгөх алсын хараатай, онч мэргэн төрийн бодлогоор залгамжилсан Монгол цэргийн баатарлаг, дайчин уламжлал нь монголчууд бидний уруудан доройтож, сэргэн мандсан буурал түүхийн хуудаснаа хадгалагдаж, зуун зуунаар өртөөлсөн хөгжил дэвшил, амжилт ололтоор баяжигдан эдүгээ бидэнд ирсэн. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойш түүхэн цаг хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа төдийгүй төрийн бодлогын нэгэн чухал түшиг тулгуур, нийгмийн шинэчлэгч, манлайлагч, бүтээн байгуулагч гол хүчин байсаар ирсэн бахархам түүхтэй. Өнгөрсөн зууны түүхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчин Монгол цэрэг-дэлхийн цэрэг хэмээх хүндлэлийг хүртэж, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас 24 дүгээрт эрэмбэлэгдсэн нь чамлахааргүй амжилт юм” гээд баярын мэндийг дэвшүүлж, амжилт бүтээлийн дээдийн хүсэн ерөөв.
Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Өнөөдөр бол өргөн утгаараа иргэн бүрийн эх орныхоо өмнө өөрийн хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлах, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо үнэ цэн, утга учрыг ойлгох, түүний мөн чанарыг нандигнан эрхэмлэх, өнөөдрийн бидний энх тунх, аз жаргалтай амьдралын төлөө хайртай бүхнээ золиослон тэмцсэн баатарлаг үйлстнүүдийн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болгон сурталчлах, энэ л үйлсийн төлөө хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж, өргөсөн тангарагтаа эзний ёсоор хандаж буй мянга, мянган алба хаагчдадаа талархах, хүндэтгэл илэрхийлэх учиртай түүхт өдөр юм” гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин хоёр дахь зууныхаа түүхийг хэдийнээ эхлүүлж, бүтцэдээ тусгай хүчний, кибер аюулгүй байдал, барилга-инженерийн шинэ төрлийн цэргийг бий болгон хөгжүүлж, түүхт 102 жилийн ойгоо өмнөө дэвшүүлсэн зорилго зорилтоо биелүүлэхийн зэрэгцээ улс орныхоо хөгжлийг урагшлуулсан ололт, амжилт дүүрэн угтаж байгааг онцолсон юм.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойд зориулсан баярын мэндчилгээг Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх дэслэгч генерал Ц.Тогоо уншиж танилцуулав.
Мөн энэ үеэр эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг төрийн одон медаль, салбарын шагналаар шагналаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.163.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.