ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ1.5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулна
Үйл явдал
/
2023-03-20

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны арваннэгдүгээр сард Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг энэ сард УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын  жагсаалтад багтаасан байна.

Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах нь чухал гэж үзэж Шүлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийн гол агуулга нь төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгоход оршиж байна. Төсөл нь таван бүлэг, 22 зүйлтэй. 

ХУУЛИЙН ТӨСЛӨӨС ОНЦЛОХ ЗААЛТУУД:

-Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээнэ. Шүгэл үлээхдээ бичгээр болон амаар мэдээллээ гаргах боломжтой.  

-Шүгэл үлээгч өөрийн мэдээллийг нууцлах боломжтой.  

-Шүгэл үлээгчийн мэдээллийг прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүргүүлнэ. Эдгээр эрх бүхий байгууллага нь зарим мэдээллийг шүгэл үлээгчээс нэмж тодруулж болно. 

-Илт худал мэдээллээр шүгэл үлээсэн, өмнө нь шалгаж үр дүнг нь мэдэгдсэн асуудлаар дахин шүгэл үлээсэн бол дээрх эрх бүхий байгууллагууд шүгэл үлээгчийн мэдээллийг хянан шалгахгүй. 

-Цахим орчинд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болгосон үйл баримтаас өөр шинэ баримтгүйгээр шүгэл үлээсэн бол мөн хянан шалгахгүй. 

-Шүгэл үлээгч хууль зүйн болон сэтгэл зүйн үнэгүй зөвлөгөө авч болно.  

-Шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мэдээлэл өгсөн асуудлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болно. Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага нь шүгэл үлээсэн асуудлыг мэдээлсэн эх сурвалжаа нууцлах эрхтэй. 

-Иргэнийг шүгэл үлээсэнтэй холбогдуулан дараах зүйлсийг хориглоно.  

  • Албан тушаалыг нь бууруулах, албан тушаал дэвшүүлэхийг хязгаарлах, сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас халах, ажлаас чөлөөлөгдөхийг шаардах; 

  • Өөрийн зөвшөөрөлгүй албан үүргийн хуваарилалтыг өөрчлөх, шилжүүлэх; 

  • Цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулах, ажлын үр дүнг үнэлэх болон шагнал, урамшуулал олгоход ялгаварлан гадуурхах; 

-Төрийн албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн бол төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүвь хүний мэдээллийг хамгаалах хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалт хамаарахгүй. 

-Дараах тохиолдолд шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мөнгөн урамшуулал авах өргөдлөө гаргаж болно. 

  • Авлигын эсрэг хуулийн 33.2-т заасны дагуу улсад хохирол учруулсан этгээдийн эд хөрөнгө, орлогыг хураасан;  

  • Хуульд заасны дагуу зохих торгох ял, торгох шийтгэл оногдуулсны дүнд төлөх ёстой байсан төлбөрийг төлүүлсэн. 

-Мөнгөн урамшууллыг дараах хэлбэрээр олгоно. 

  • Тавин сая хүртэл төгрөгийн 15 хувийг; 

  • Тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг;  

  • Хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 36 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг;  

  • Нэг тэрбумаас хоёр тэрбум хүртэл төгрөгийн 113 сая төгрөг дээр 1 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 6 хувийг;  

  • Хоёр тэрбум, түүнээс дээш төгрөгийн 173 сая төгрөг дээр 2 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 4 хувийг. 

-Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэл байна. 

-Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллээр шүгэл үлээсэн тохиолдолд мөнгөн урамшууллын хэмжээний 50 хувийг тооцож олгоно. 

-Эрх бүхий байгууллага мөнгөн урамшуулал олгох эсэх асуудлыг шүгэл үлээгчийн өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж, шүгэл үлээгчид албан бичгээр мэдэгдэнэ. Нэмэлт мэдээлэл шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгаж болно. 

-Шүгэл үлээгч нь дараах тохиолдолд нөхөн төлбөр авч болно. 

-Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээхэд саад хийх, шүгэл үлээгчийг мэдээллээ татаж авахыг хүчээр тулгахыг хориглоно. 

-Шүгэл үлээгч нь өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг хонжоо, давуу байдал олж авах, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах зорилгоор шүгэл үлээхийг хориглоно. 

Хуулийн төсөлтэй танилцах бол ЭНД дарна уу. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.