Г.БАЯРСАЙХАН: Алтай хотхоны урд талын 750 метр авто замын ажил эхэлсэн
Үйл явдал
/
2023-03-21

Улаанбаатар хотод хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлуудын талаар албаны хүн мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ жил он дамжин хэрэгжиж байгаа 114 арга хэмжээ байна. 2022 онд түгжрэл бууруулах арга хэмжээний хүрээнд 11 ажил эхлүүлсэн. Тухайлбал, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын 750 метр авто замын ажил эхэлсэн.

Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй буюу Яармагийн замыг нэгдүгээр хороололтой холбох гүүрэн байгууламжийн ажил 39 хувьтай яваа. Зургаадугаар сар гэхэд дам нурууг угсарна гэж тооцоолж байгаа.

Зайсангийн хос гүүрний ажил 33 хувьтай байна. Дулааны шугам солих учраас дулаан хаах хүртэл бэлтгэл ажлыг хангана.

Шархаднаас Улиастайн эцэс хүртэлх замын ажил үргэлжилж байгаа. Улиастай талаасаа 800 метр замын ажлыг хийсэн.

2022-2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 36 арга хэмжээ бий. Энэ хүрээнд Шувуун фабрик Сонгино чиглэлийн авто замын Туул гол дээрх төмөр бетон гүүр, Санзайн авто замын засвар, шинэчлэл, Цэргийн амралтаас хойш үргэлжлэх нэг км зам зэрэг ажлууд дууссан” гэлээ.

Тодруулбал, 24 ажил дууссан бөгөөд 12 ажил хэрэгжих шатандаа явж байгаа юм. Өнгөрсөн жил 22 байршилд явган зам тавьсан бол энэ жил Бага тойруугийн үлдсэн байршилд явган зам тавина гэдгийг хэлж байв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.247.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.