СУРВАЛЖИЛГА: Хуучин хувцасны соёлыг түгээгч "ТОЙРОГ" дэлгүүр
Үйл явдал
/
2023-03-22
Сүүлийн жилүүдэд хүмүүсийг ухаалаг хэрэглээнд уриалсан олон төрлийн бизнесийн моделиуд гарч ирэх болсны нэг нь “Тhrift shop” буюу хуучин эдлэл хэрэглэлээ хандивлан, борлуулж болох "ТОЙРОГ" дэлгүүрээс сурвалжилан хүргэж байна.
Дэлхийн хэмжээнд хувцас үйлдвэрлэлд даавууг өнгө будганд оруулах явцад хүлэмжийн хийг гурван хувиар ялгаруулж, усыг 20 хувиар бохирдуулдаг байна. Нэг кг даавууг боловсруулан үйлдвэрлэхэд 20.000 литр ус, нэг цамц хийхэд 2700 литр ус, нэг удаа угаахад 50-60 литр ус шаарддаг. Энэ нь нэг хүн 900 хоног уух хангалттай усны хэмжээ юм. Хуучин гээд хадгалж болохгүй бас хаяж чадахгүй. Хэн нэгэнд өгчихье гэхээр мухар сүсэг маань араас чангаачихдаг тул шатаачихмаар ч юм шиг. Хог дээр хаях эсхүл зүгээр л нийлүүлж байгаад шатаачих нь зөв сонголт юм шиг байсан үе саяхан. Тэгвэл дэлхийтэй хөл нийлүүлэн алхах үе иржээ. Тэгтэл "ТОЙРОГ"  дэлгүүр нь иргэдээс хэрэггүй хувцсыг нь худалдан авч, хэрэгцээтэй хүнд нь хямд үнээр худалдаалж, зарсан барааных нь 70%-ыг хэрэглэгчдэд буцаан олгодгоороо онцлогтой юм.
 
Хүмүүс шинэ хувцас аваад түүнийгээ хуучрахаар нь хаях эсвэл шатаадаг бол энэ дэлгүүрийн залуус тэдгээр хувцсыг хаяхаас нь өмнө худалдаж авдаг. Улмаар эргэлтэд оруулж, шинэ эзэнтэй болгодог. Тиймээс ч дэлгүүрээ "ТОЙРОГ" хэмээн нэрлэжээ.
 
Тус дэлгүүрийн үнэнч хэрэглэгчид нь Gen-Z үеийнхэн буюу залуу үйлчлүүлэгчид тэр дундаа дунд сургуулийн сурагчид байдаг тухай “Тойрог” дэлгүүрийнхэн онцоллоо. Тэд өмсөхгүй хувцсаа өгөхөөс гадна худалдан авч цаашлаад өөрсдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнээ ч зарж борлуулдаг байна. 
 
No description available.

ТАНАЙД “ТАВИЛГА” БОЛЪЁ ГЭЖ ЯРЬСААР ОРЖ ИРДЭГ ЗАЛУУС БИЙ

“Бүгд л амьдрал гэгч зүйлийг ойлгох гээд явж буй хүмүүс. Яг л адилхан зовлонтой бас жаргалтай. Бүгд эн тэнцүү. Орж ирж буй үйлчлүүлэгчдийг мөнгө гэж хардаггүй. Юм авахгүй байх нь хамаагүй. Танайд “тавилга” болъё гэж ярьсаар орж ирдэг залуус бий. Энд тэдэнтэй ярилцаж, түүхийг нь сонсоно. “Тойрог” бол амьдрал өрнөдөг халуун цэг. Хүмүүсээс гарч буй долгион нь нэгэндээ хайр түгээдэг. “Тойрог”-ийн хана дурсамжийн цомогтой адил...”Олны танил олон хүний хөрөг тэнд байлаа.

No description available.

Манай Монголчууд хуучин хувцас эсвэл “комисс” гэхээр хүний энергийг авна, өөрийнхөө энергийг өгнө гэдэг буруу ойлголттой байдаг. Гэтэл бодит байдал дээр ганцхан жинсэн өмд үйлдвэрлэхийн тулд нэг хүний 10 жилийн усны хэрэглээг зарцуулдаг бол ганц даавуун пудволкийг хийхэд нэг хүний 7.5 жилийн усны хэрэглээтэй тэнцэхүйц ус зарцуулдаг гээд бодохоор гунигтай байгаа биз дээ. Дэлгүүрийн залуус улиралд нэг удаа "Хувцас худалдан авах сар" гэх арга хэмжээ зохион байгуулж, нэгдсэн байдлаар хувцас худалдан авдаг. Ингэхдээ нэг кг хувцсыг 7000 төгрөгөөр авдаг байна. Ингэж худалдаж авсан хувцаснуудыг дахин шинэ загварт оруулдаг "Retoirog" хэмээх залуу зохион бүтээгчдийн нэгдэл байдаг аж. Тэд хувцаснуудыг хольж, хаана ч байхгүй шинэ хувцасны коллекци гаргадаг гэнэ.

 “Тойрог” дэлгүүрийн үүсгэн байгуулагчдын нэг болох Агнууш“: “Тойрог” бол хайр. Миний амьдралын философи ч гэсэн хайр. Хайрыг хором, мөч бүрээс мэдэрч болдог. Бид дэлгүүрээр орж ирж буй хүн бүрийг хайрладаг. Нөхөрсөг, гэр бүлсэг дотно байдлыг эрхэмлэдэг. Үүнд ямар ч шашин болон бусад нөлөө байхгүй. Зүгээр л хайр түгээдэг халуун дулаан орчин” гэсэн юм. “Дэлгүүрээ нээхэд маш олон залуус энэ төрлийн соёлыг ойлгодог, ийм дэлгүүр нээгдэхийг хүлээж байсныг мэдээгүй. Нэг ёсондоо үйлчлүүлэгчид нь бэлэн байсан. Гэвч бид яг архи зарж байгаа хүмүүстэй адилхан татварыг улсдаа төлж байна. Ямар ч хуулийн орон зайн байхгүй тул энэ салбартаа анхдагчийн хувьд хариуцлагаа үүрээд татварын таатай орчныг нь сайжруулах  хуулийн төсөл санаачлан, батлуулахаар ажиллаж байна” гэлээ. 

 “Тойрог” дэлгүүрийн үүсгэн байгуулагчдын нэг болох Номи:  Mонгол дахь энэ төрлийн бизнес үйлчилгээний үр дүнтэй моделийг боловсруулж, дараа дараагийн "Thrift shop"-ууд хурдацтай нээгдэх сэдлийг өгөхүйц системийг бий болгохыг хүсэж байна. Манай үндэстний сэтгэлгээний онцлог, хэрэглээний соёл гэж тусдаа зүйл байгаа шүү дээ. Шууд л гаднын моделийг хуулалгүй монгол сэтгэхүйд тааруулах хэрэгтэй. "Thrift shop"-ууд кофе шоп шиг их болж, хүмүүс гэрээсээ холгүй, төвөггүйхэн хувцсаа авч очоод тушаачихдаг, эргээд тэд нар нь цэвэрхэн, найдвартай байдаг соёлтой болох нь бидний харж буй ирээдүй гэлээ.

“Тойрог”-ийн инстаграмм 35 мянга орчим, фэйсбүүк хуудас нь 18 мянга орчим дагагчтай. Эдгээр залуусыг хаашаа хөтлөх вэ гэдэг нь “Тойрог”-ийн нэгэн цөм аж. Эднийх улирал бүр нэг уран бүтээлчийг онцолдог. Уран бүтээлчдийн зовлонг ойлгодог учраас тэдний бүтээлүүдийг олны хүртээл болгох нь “Тойрог”-ийн үүсгэн байгуулагчдын хувьд чухал асуудал. Хүний бие организм өөрийгөө эрүүлжүүлэх ухаалаг дархлааны системтэй байдгийн адилаар байгаль дэлхий ч бас өөрөө өөрийгөө нөхөн сэргээх хүчирхэг тогтолцоотой байдаг. Гэвч орчин цагт амьдарч буй бидний элбэг хангалуун хэрэглээ, түүнийг бүтээх үйлдвэрлэл, ард нь гарах нь үлэмж хэмжээний хог хаягдал нь олон мянган жил явж ирсэн уг экосистемийг эвдэж, дэлхий ээждээ амьсгал авах завдал олголгүй хог хаягдлаар булж байгаа нь харамсалтай. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд хүмүүсийг ухаалаг хэрэглээнд уриалсан олон төрлийн бизнесийн моделиуд гарч ирэх болсны нэг нь “Тhrift shop” буюу хуучин эдлэл хэрэглэлээ хандивлан, борлуулах дэлгүүр юм. Дотоодын зах зээлд анхдагч болон олон нийтэд хэрэглээний шинэ соёл, сэтгэлгээг түгээхээр ажиллаж буй "TOIROГ" дэлгүүртэй танилцлаа

 

 

 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.84.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.