ДМИТРО ПОНОТАРЕНКО: Монгол Улс дайнд ТӨВИЙГ САХИСАН БАЙР СУУРЬ илэрхийлснийг бид ойлгож байна
Үйл явдал
/
2023-04-01
Манай улсад ажиллаж, амьдарч буй Украины иргэд Украин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Элчин сайдын нарийн бичгийн нэг дүгээр дарга нарыг 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч уулзсан юм. 

No description available.

Энэ үеэр Элчин сайд Дмитро Пономаренко

"Миний хувьд Монгол Улсад анх удаа ирж байна. Өөрийн жуух бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгсөн бөгөөд Гадаад Харилцааны Яамны сайдтай уулзсан. Анхны айлчлалаа албан ёсоор хийж байгаадаа таатай байгаа. Түүнчлэн гудамжаар машинтай явахад Монгол Улсын иргэд маш дотно хүлээн авсан.

Монголд 70-80 орчим украин иргэн ажиллаж, амьдарч байгаа гэх мэдээлэл бий. Түүнчлэн Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гишүүд ч энэ тоонд нэмэгдэж байгаа. Гадаадад амьдарч буй нутгийнхаа иргэдтэй уулзах боломж маш ховор олддог. Миний хувьд Солонгос болон Монгол Улсыг хариуцаж байгаа. Цаашдаа аль болохоор Монголд илүү олон ирж, харилцаагаа идэвхжүүлэхийг хүсэж байна.

Монгол Улс хоёр том хөршийн дунд байрлаж байгаагийн хувьд дайнд ямар байр суурь илэрхийлсэн бэ гэдгийг мэдэж байгаа. Төвийг сахисан байдлаар илэрхийлснийг бид ойлгож байна. Цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж, төлөвлөж байгаа" хэмээн ярилаа. 

No description available.

Монгол Улсад 21 жил ажиллаж амьдарч буй Украины иргэн Анатолий Демидос

"Монголчууд украинчуудад маш эерэг ханддаг. Би энд амьдрах хугацаанд 1,000 гаруй монгол найз нөхөдтэй болсон. Миний анзаарснаар ихэнх нь Украинд ээлтэй, дэмжиж байгаа хандлагыг надад харуулж байсан.Би анх дайны тухай сонсоод ер итгээгүй. Тухайн үед бүтэн цаг юу болоод байгааг огт ойлгож чадахгүй байсан. Манай хамаатнууд залгаад "Пуужин харваж байна, дэлбэрэлт болж байна" гэж хэлэхэд ч итгэхгүй байсан.Үүнийг сонсоод анх итгэхгүй "Зүгээр л нисэх онгоцны буудал дээр нь аваар осол гарч байгаа юм биш үү" гэж лавлаж асууж байлаа. Ингээд удалгүй Украиныг тэр чигээр нь бөмбөгдөж байна, албан ёсоор дайн эхэллээ гэдэг мэдээ ирсэн. Үнэхээр аймшигтай байдалтай байсан. Тухайн үед Улаанбаатар хотод амьдарч буй Украины иргэд талбай дээр очиж жагсаж байсан.Одоогоор Украины Донецкийн бүс нутаг, Харьков, Херсон хот болон хил дагуух бүс нутгууд маш хэцүү байдалд байгаа. Хаана ч аюулгүй газар байхгүй, Украин даяар аюултай байгаа. Дайн бол дайн" гэлээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.