2019-2020 онд цахим орчин дахь гэмт хэрэг дэлхий дахинд 28 хувь өссөн бол Монгол улсад 132 хувиар өсжээ
Үйл явдал
/
2023-04-05
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Цахим орчин дахь хүүхдийн хамгаалал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны, Боловсрол, шинжлэх ухааны, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хууль зүй, дотоор хэргийн яамд, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах газар, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөгчид, судлаачид, идэвхтнүүд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, дижитал технологи, цахим харилцааны олон сайхан үр шимийг бид хүртэж байгаа ч энэ орчинд хүний эрхийг, тэр дундаа өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд багачуудынхаа эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг дэлхийн бүхий л улс орны өмнө тулгамдсан асуудлуудын нэг болж байна хэмээн онцлоод, улс орнууд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах бодлогоо тодорхойлоод, нарийвчилсан зохицуулалт бүхий хуулиа батлаад байгаа талаар мэдээлэл өглөө.

2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдах үед цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нэгэн бүлэг болж тусгагдсан байсан боловч хэлэлцэх явцад хасагдан, хуульд тусгалаа олж чадаагүй юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан мэдээлэлдээ дурдаж, олон улсын байгууллага, зөвлөхүүд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиа нэн даруй батлан, хэрэгжүүлэхийг цаг үргэлж зөвлөж байна гэсэн юм. Тэрбээр, хүүхдийн эрх цахим орчинд хэрхэн зөрчигдөж байгаа талаар тоо баримт, дотоод, гадаадын судалгааны байгууллага, институциудын судалгааны дүнг танилцуулж, хүүхдүүд цахим орчинд доромжлол, гадуурхалт, дээрэлхэлт болон дарамт шахалт, бэлгийн мөлжлөгт уруу татах зэрэг олон хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгааг ярилаа.

Түүний дурдсанаар, цахим орчны гадуурхалт, дарамт шахалтаас болж 2012-2016 онд 92 хүүхэд амиа хорлосон байна. Мөн үндэсний суурь судалгааны дүнгээс үзэхэд 18 хүртэлх насны хүүхдүүдийн 82.5 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн, 37 хувь нь цахим орчинд үл таних хүмүүсээс садар самуунд уруу татсан, айлган сүрдүүлсэн чат, мессэж авч байжээ.

Японы хүүхдийг ивээх сангаас манай улсад хамгийн сүүлд хийсэн судалгаанд 1236 хүүхэд оролцсоноос 19.9 хувь нь амиа хорлох оролдлого хийж үзсэн, 12.4 хувь нь амиа хорлох талаар бодож байсан, 8.6 хувь нь амиа хорлох оролдлогыг хэд хэдэн удаа хийж үзсэн гэсэн хариулт өгсөн байна.

Түүнчлэн, Сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн төлөөх Олон улсын байгууллагын хүүхдийн цахим бэлгийн мөлжлөгийн асуудлаарх судалгааны талаарх CyberTips мэдээллийн сангийн статистик мэдээнд,  нь маш их анхаарал татаж байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан цохон дурдсан юм. Эдгээр статистик үзүүлэлт, тоо баримт цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлын асуудал ноцтой түвшинд хүрснийг илтгэж буйг тэрбээр анхааруулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар бүлгийн 3-4 заалтаар бид хүүхэд багачуудынхаа эрх, эрх чөлөө, сэтгэл санаа, оюун бодлыг цахим орчинд хамгаалсан байдалтай хэвээр явах уу, энэ талаарх бие даасан хуулиа батлах уу гэсэн асуултыг хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж тавиад, өөрийн боловсруулж, Улсын Их Хурлын www.d.parliament.mn цахим системд байршуулан иргэд, олон нийтээс санал авч буй хуулийн төслийн талаар танилцуулсан юм.

Бага балчир хүүхдүүд нийгмийн сүлжээний hyperstimulating буюу хэт өдөөсөн агуулгатай, маш богино буюу 1-2 секундын, өндөр ритмтэй Cocomelon зэрэг бичлэгийг их үзсэнээр анхаарал дутмагших эмгэг бий болж байгаа бол Youtube дэх бичлэгүүдийн дундуур гарч ирдэг Momo зэрэг сэтгэцэд нөлөөт дүрүүд хүүхдүүдийг айлгаж, тайван бус, хямралтай болгохын зэрэгцээ өндрөөс нисэж амиа хорлох, гэрийнхээ газыг нээх, хутгаар гараа зүсэх, гэрийнхэн чинь чамайг үзэж яддаг гэж итгүүлэх зэрэг эрсдэлтэй нөхцөлийг бий болгодог байна. Сүүлийн үед балчир бага насны хүүхдүүд их үзэж буй Хагги Ваггигийн контентуудад доромжилсон, бүдүүлэг үг хэллэг их хэрэглээд зогсохгүй үйл явдалд нь цуст аллага, аюултай зэвсэг, хутга зэрэг ирт мэс их хэрэглэгддэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.26.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.