Л.ОЮУНЖАРГАЛ: Маргааш баруун аймгуудын нутгаар салхины хурд зарим үед 34 м/c хүрч, температур өмнөх өдрөөсөө 10-15 градус буурна
Үйл явдал
/
2023-04-18

Баруун аймгуудын нутгаар маргааш буюу дөрөвдүгээр сарын 18-нд хүчтэй салхи, шороон шуурга гамшгийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа тул албаны хүмүүс өнөөдөр сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ. 

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Хаврын улирал эхэлснээс хойш ихэнх нутгаар цаг агаар тун тогтворгүй, салхи шуурга ихтэй байна. 

Маргаашаас баруун аймгуудад болох үзэгдэл нь цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдахаар байна. Тодруулбал, 

  • 2023 оны дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн нутгаар хүчтэй салхины аюултай үзэгдэл,
  • 18-нд Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл, Завхан, Архангайн нутаг, Баян-Өлгийн хойд, Ховдын өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр хүчтэй салхины аюултай үзэгдэл, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдана. 

Энэ үеэр салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давна. Харин гамшигт үзэгдлийн үеэр салхины хурд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж салхилахаар байгаа. Шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, 1,000 метрээс дотогш болно. 

Түүнчлэн маргааш баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Температурын хувьд өмнөх хоногоосоо 10-15 градусаар эрс хүйтрэхийг анхааруулъя" гэлээ. 

Энэ хэмжээний үзэгдэл нь эрчим хүчний шон унах, хашаа байшин нуран, зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр гадаа явахад хайрагдах, осгох зэрэг нэлээд хүндрэл учруулахуйц эрсдэлтэй байдаг тул урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. 

Түүнчлэн дээрх үзэгдэл нь энэ сарын 19-нд төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дайран өнгөрөх төлөвтэй байгаа тул тухайн нутагт оршин сууж буй иргэд, аж ахуйн нэгжүүд цаг агаарын мэдээг тухай бүрд хүлээн авч, бэлэн байдлаа хангахыг сэрэмжлүүлсэн юм. 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.167.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.