Э.ТӨГӨЛДӨР: Эх орны эр цэрэг хүүтэй гэдгээрээ бахархаж яваарай, ээж минь
Үйл явдал
/
2023-04-20
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн хугацаат цэргийн алба хаагчдынхаа дунд “Ээждээ захидал бичээрэй” уралдааныг зохион явуулжээ. Энэ нь цэргийн албаар бахархаж буйгаа ээждээ илэрхийлэх гүүр нь болсноороо онцлог бөгөөд уралдаанд байлдагч Э.Төгөлдөр тэргүүлж, дэд түрүүч С.Эрдэнэтөгөлдөр дэд байрт, байлдагч Н.Уранхолбоо гутгаар байрт тус тус шалгарсан юм. Эрхэм уншигч та бүхэнтэй хамт байлдагч Э.Төгөлдөрийн ижийдээ илгээсэн захидлыг хамтдаа задалъя.
700
Сайн байна уу, ээж ээ. Сайн сууж байна уу, танд захидал очих өдрийн мэндийг хүргэе. Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхээ цэргийн байраас ээж тандаа хүү нь захидал бичиж сууна. Нэг л мэдэхэд ээжийн эрх хүү эх орны хүү, эр цэрэг болжээ. Энэрэл хайраар та намайг дутаагаагүй шиг эх орон минь ч гэсэн юугаар ч дутаалгүй, бас элдвээр гоочлолгүй, үеийн нөхөд, онжавуудтайгаа хамт цэгцэрсэн жагсаалын цэрэг болголоо.
Өсөж торнисон цагаасаа хойш эцгийн нөмөр уулыг түшиж хэвтээгүй ч гэсэн ээж таныхаа энгэрт эрхэлж өдий хүрсэндээ хүү нь талархаж явдаг билээ. Цэлмэг тэнгэрт нэг л наран байдаг шиг миний зүрхэн тэнгэрт цэлмэсэн ганцхан наран та юм шүү. Ээжийгээ үлдээгээд цэрэгт мордохдоо хэдий эр цэргийн золбоо хийморь албанд ирлээ гээд баярлаж байсан ч хайртай таныгаа үгүйлэн санаснаа нуухгүй ээ. Ангир уургийг тань шимж өссөн болохоор сэтгэлийн минь наран цор ганц таныг юм байна гэдгийг эр цэргийн албанаас илүү ихээр мэдэрлээ хүү чинь.
Ээж минь та хүүдээ санаа зовох хэрэггүй. Цэргийн албанд хүү нь өнгө, жавхаатай, нөхдөдөө түшигтэй, даргадаа дэмтэй сайхан явна аа. Сайхан албанд хүү нь ирсэн учир танд санаа сэтгэл зовох юу байх сан билээ. Эх орны эр цэрэг нь болсон хувь тохиолдоо талархаж, эх орон, ээж, элгэн садан, нутаг орноо хайрлах сэтгэл дүүрээд ирдэг нь энэхүү цэргийн албаны онцлог гэлтэй. Эх орондоо тангарагтай хүүтэй ээж гэдгээрээ та минь бахархах, омогших бүрэн эрхтэй шүү. Ээж минь тандаа хүү нь маш их хайртай. Биеэ сайн бодож, хоёр дүүг минь миний өмнөөс үнсээрэй за. Таны хүү, эх орны хүү байлдагч Э.Төгөлдөрөөс
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.211.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.