Хурандаа генерал Ж.Ёндонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо
Үйл явдал
/
2023-04-26
Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн хүрээнд тус хүрээлэн “Ерөнхий цэрэг ассоциаци” төрийн бус байгууллагатай хамтран ХХ зууны Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Цэргийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал Ж.Ёндон-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Хурандаа генерал Ж.Ёндон нь өсөх залуу наснаасаа эхлэн Монголын Зэвсэгт хүчинд зүтгэж байлдагчаас генерал, ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдаас төрийн түшээ, ардын их хурлын депутат хүртэл дэвшин ажилласан төр, цэргийн нэрт зүтгэлтэн байсан юм. Тэрээр 17 насандаа өөрийн саналаар цэргийн албанд мордож, 1940-1942 онд Тамсагбулгийн домогт 6 дугаар морьт дивизийн 15 дугаар морьт хороонд цэрэг, бага даргаас армийн амьдралаа эхлүүлсэн бөгөөд ухамсарт амьдралынхаа 50 гаруй жилийг төр, цэргийн их үйл хэрэгт зориулжээ. Ингэхдээ эрхэлсэн ажил, албандаа ямагт манлайлагч байсан нь өнөөдөр ч бахархалтайгаар дуyрсагдаж байна. Тус эрдэм шинжилгээний хурал нь хурандаа генерал Ж.Ёндонгийн төр, цэргийн зүтгэлтэн болж төлөвших их үйлийнх нь түүхэн замналыг эргэн судалж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм. Эрдэм шинжилгээний хурлаар “Монгол төрийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Жамсрангийн Ёндон”, “Хурандаа генерал Ж.Ёндонгийн цэргийн хэрэгт оруулсан хувь нэмэр”, “Нэрт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, хурандаа генерал Ж.Ёндон”, “Монгол цэргийн музейд хадгалагдаж байгаа хурандаа генерал Ж.Ёндонгийн гэрэл зургийн судалгаа” зэрэг сэдэвт үндсэн болон хавсралт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.
Ахлах дэслэгч Ц.НАМЖИЛМАА
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.