Гишүүн болж ТУГ БАРИАД, гэмтэн болж ТУГАЛ ХАРИУЛЖ буй Архангайн Ё.БААТАРБИЛЭГ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-27

Ар халхад алдартай Архангай аймгийн түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буй. Нутгийнхаа 100 жилийн ойд гэнэтийн бэлэг барьж хоёр ч гишүүн нь БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮТГЭЛЗЭЖ нэр холбогдоод буй гэмт хэрэгтээ шалгуулахаар болоод байна.

Сүүлийн хоёр сонгууль дараалан ялалт байгуулж, Ардчилсан намынханыг ангайлгаж чадсан МАН-ын тулгын гурван чулуунаас өнөөдөр нэг нь ховхорч, бас нэг нь ганхаад байгаа. Нүүрсний хулгай гэх хэрэгт нэр дурдагдаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сар гаруйн өмнөх өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэж, асуудлыг мухарлан шалгуулж, аав ээжийгээ асарч тойлно гээд УЛСТӨРӨӨС ЗОДОГ ТАЙЛСАН. Одоо түүний араас Ё.Баатарбилэг гишүүн явж магадгүй эрсдэл үүсчихлээ дээ янз нь!!.  Түүнийг “Хөгжлийн банкны хэрэг”-т холбогдуулан яллагдагчаар татаж АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах тухай асуудал ч хөндөгдөхөд АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА буянаар бүрэн эрхтэй, дархан цаазтай үлдсэн.

   Хуулийн байгууллагаас түүнийг ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН, Хөгжлийн банкнаас зээл авахад УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглан нөлөөлсөн гэх хоёр хэрэгт буруутган шалгаж буй. Олон түмний хүсэлтээр нээлттэй явагдаж буй “Хөгжлийн банкны” гэх 80 иргэн 4 аж ахуй нэгжид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд тэрбээр мэдүүлэг өгөхдөө “2007 оноос эхлэн АТГ-т мэдүүлэг гаргаж өгөхдөө хоёр байр, нэг жийп машинтай гэж мэдүүлсэн. 15 жилийн дараа яг л энэ хэвээрээ байгаа. Арилжааны банкуудад 120 гаруй сая төгрөгийн өртөй. Миний байр машиныг битүүмжилчихсэн. Одоо ГАХАЙ ЯВГАН, НОХОЙ НҮЦГЭН гэгчээр л аж төрж байна” хэмээн мэдүүлэв.

НВЦ компанийн захиралтай түүнийг үй зайгүй найз учир тус компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ нөлөөлсөн хэмээн үзэж буй юм. Тэр ч хэвлэлийнхэнд “Би НВЦ компанийн захиралтай найз. Гэхдээ зээл авахад нь нөлөөлөөгүй. Зээл авсаныг нь ч мэдээгүй” хэмээн ярьж байсан удаатай. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэрийдсэнээр ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ гэгч рүү энэ мэт гэм зэмгүй, эгэл жирийн гишүүдийг чирж, туг тахих гэсэн хүчтэй бодлого МАН дотор үйлчлээд буй мэт. Ё.Баатарбилэг гишүүнээ!! Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үгтэй. Та үнэхээр буруугүй бол хэзээ нэгэн цагт цагаадаж л таараа. Эр хүн ТУГ Ч БАРИНА, ТУГАЛ Ч ХАРИУЛНА гэж энэдээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.