ӨВӨРХАНГАЙ: Омикроны шинэ дэд хувилбар олон нийтийн дунд тархаж эхэллээ
Үйл явдал
/
2023-05-11
Өвөрхангай аймагт шинэ төрлийн коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. 

Энэ талаар Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын албан ёсны хуудаст "Коронавируст халдвар (КОВИД-19) Омикрон хувилбарын шинэ дэд хувилбар олон нийтийн дунд өргөн тархаж, халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас иргэд та бүхэн олон нийтийн газар амны хаалтаа тогтмол хэрэглэх, гарын ариун цэврийг чандлан сахихыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна" хэмээн сэрэмжлүүлэг хүргэжээ. 

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тавдугаар сарын 1-8-ны хооронд хийсэн коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээгээр найм, ПГУ шинжилгээгээр дөрвөн тохиолдол батлагдсан байна. Халдварын тасагт зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, тус аймагт 12 тохиолдол илэрчээ. 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн албаны эх сурвалжаас тодруулахад “Коронавирусийн халдвар болон бусад өвчлөлийн талаар нэгдсэн мэдээлэл өгнө. Энэ долоо хоногийн Баасан гарагт хэвлэлийн хурал зохион байгуулахаар болсон” гэв.

Энэ оны тавдугаар сарын 1-7-ны хооронд коронавируст халдварын нийт 205 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногоос өссөнийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Тодруулбал, 18 дугаар долоо хоногт эерэг хувийн дундаж 13.3 хувьтай гарчээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.40.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.