Нэр бүхий иргэдийг цэрэг татлагаас чөлөөлж, хахууль авсан офицерт яллах дүгнэлт үйлдэжээ
Үйл явдал
/
2023-05-17
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 41,803, мөрдөн байцаалтын 3,287 хэрэгт хяналт тавьжээ.

Эдгээрээс 277 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газарт виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Э.М нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн З.Н-ийн хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн В.П.Х-ийн Монгол Улсад оршин суух хугацааг холбогдох баримт материалгүйгээр сунгаж, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/ 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан А.Г нь өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан өр авлага барагдуулах, даатгуулагчдын мэдээллийн санг бүрдүүлэх ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдыг хахууль өгөхийг шаардсан, нэр бүхий иргэдээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар дахь Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан офицероор ажиллаж байсан Ч.О нь нэр бүхий иргэдийг цэрэг татлагаас түр чөлөөлж, цэргийн үүрэгтний үнэмлэх дээр түр чөлөөлөв дардас даран, хахууль авсан гэх хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Архив, лавлагааны тасгийн даргаар ажиллаж байсан Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын автомашины улсын дугаарыг зөвшөөрөлгүйгээр нэр бүхий иргэний тээврийн хэрэгсэлд шилжүүлэн бүртгэж, хууль бусаар давуу байдал бий болгосон гэх хэрэгт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хуулийн заалтаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хүүхэд,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын хэмжээний нийт багш нарын их, дээд сургуулийн дипломын дугаарт тулгалт хийх хяналт шалгалтыг зохион байгуулахад багш  М.Ц нь өөрийн боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж байсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ хэмээн прокурорын байгууллагаас мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.