БЗД-т гарааш буулгаж үйлчилгээний төв барих гэж буй компаний ажлыг түр зогсоож, зөвшилцөхөөр боллоо
Үйл явдал
/
2023-05-17
Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд 2021 онд зөвшөөрөлгүй барьсан 53 гарааш буулгаж, ногоон байгууламж болгон тохижуулсан нь иргэдийн талархалыг хүлээсэн. Уг байршлын эсрэг талд нийслэлийн захирамжаар газар олголт хийгдсэн тул захирамжийг цуцлуулах, гараашуудыг нь буулгахаар удаа дараа албан бичгээр хандсан боловч өдий хүртэл хариу ирээгүй. Гэтэл эдгээр гараашнуудыг буулгаж дороо авто машины зогсоолтой, дээрээ үйлчилгээний төв барихаар барилгын компани уг газрыг хашаалж байгаад иргэд бухимдаж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.
Уг газар дээр дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан болон холбогдох удирдлагууд ажиллалаа.
Бага талбайд үйлчилгээний төв барьснаар хөдөлгөөн нэмэгдэх тул үйлчилгээний төв барихыг иргэд эсэргүүцэж, ногоон байгууламж, тохижилтын ажил хийхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх гарааш буулгасан газарт тухайн орчны иргэдийн саналын дагуу тохижилтын ажил хийж байгаа. Тийм ч учраас энэхүү асуудлаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай уулзалт товлоно. Энэ үеэр компани, иргэдийн төлөөллийг оролцуулна гэдгийг хэллээ.
Мөн тэрээр дүүргээс аж ахуйн нэгжүүдээ мэдээж дэмжинэ. Гэвч иргэдийн санал чухал учраас иргэд эсэргүүцэж буй тохиолдолд дэмжих боломжгүй гээд компанитай зөвшилцөхөөр боллоо. Тэр болтол барилгын ажлыг эхлүүлэхгүй, зогсоох арга хэмжээг авна гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.62.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.