"Жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ" гэж 142 хүнийг залилжээ
Үйл явдал
/
2023-05-20
Жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хоёр иргэн 142 хүнийг залилсан хэрэг гарчээ

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас цахим орчинд "Жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгасан байна. Улмаар Хэнтий аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Г.О гэгч нь 130 иргэнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал нэмэгдүүлнэ гээд 62,470,000 төгрөг залилжээ. Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна. 

Мөн Дорнод аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн А.А гэгч нь дээрх төрлийн зарыг цахим орчинд нийтэлж, 12 иргэнийг залилсан болохыг тогтоожээ. Тухайн иргэнийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа аж. 

Иймд иргэд та бүхэн "жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ" гэх мэдээлэлд хууртаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. 

Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох үйл ажиллагаанд ашиглагдаж байсан "Жолоочийн бүртгэл мэдээллийн сан", "Онолын цахим шалгалтын систем", "Жолоодох эрх олгох шалгалтад хамрагдах иргэдийн мэдээллийн систем" зэрэг программ хангамжуудыг нэгтгэн, шинэчилжээ.

Уг системийг энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна.

Ингэснээр жолоодох эрхийн онолын шалгалтыг бүрэн цахимжуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтын байгууллагад суралцаагүй иргэдэд жолоодох эрх, ангилал нэмэгдүүлэх боломжийг хязгаарласан байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.