Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо ээлжит их хурлаа хийж, бүтэц УДИРДЛАГЫН БАГАА ШИНЭЧИЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-20

Монгол хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбоодын нэг болох Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн холбооны ээлжит хоёрдугаар их хурал амжилттай болж удирдлагын баг, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчиллээ.  “2018 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулсан цагаасаа сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, сургалт мэдээлэл өгөх, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх салбар дундын анхны хэлэлцүүлгийг өрнүүлж, гадна дотны байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай өрнүүлсэн” гэдгийг тус холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Ганзориг онцоллоо.

Холбооны өмнөх багийн ажлыг дүгнэж, дараагийн дөрвөн жилд ажиллах шинэ баг бүрэлдэхүүнийг баталлаа. Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн тэргүүнээр Борын Ганзоригийг дахин улираан сонгосон бол Сургалт, судалгаа хариуцсан дэд тэргүүнээр “Цаст салюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Шинэ-Монгол радио”, “Түгээнэ.мн” сайтын Ерөнхий эрхлэгч тус холбооны үүсгэн байгуулагч Л.Баатархүүг, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан дэд тэргүүнээр “Товч.мн” сайтын редактор, сэтгүүлч  О.Эрдэнэдавааг их хурлын төлөөлөгчид сонголоо.

Мөн тус холбооны удирдах зөвлөлийг 13 гишүүнтэй байхаар тогтож дараахи гишүүдийг УЗ-д сонгосон юм.

  1. Нийслэлийн АН-ын хэвлэлийн төлөөлөгч Д.Цэнгэлмаа,
  2. “Зөв.мн” сайтын Ерөнхий эрхлэгч У.Долгорсүрэн,
  3. “Улстөрч.мн” сайтын эрхлэгч З.Батхуяг,
  4. “Чек.мн” сайтын эрхлэгч Т.Цолмонсайхан
  5. “Шинэ толь” студийн захирал Н.Түшинжаргал,
  6. Өдөр тутмын сонины төлөөлөл “Монголын Үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн
  7. Төрийн байгууллагуудын хэвлэлийн төлөөлөгчдийн төлөөллөөс Шүүхийн сахилгын хорооны хэвлэлийн ажилтан Л.Ичинхорлоо
  8. Гэрэл зурагчдын холбооны төлөөлөл болж Монголын гэрэл зурагчдын холбооны гэрэл зурагчин Л.Ган-Од
  9. “Цахиур.мн” сайтын маркетингийн менежер Д.Чимэг
  10. Зангараг.мн сайтын эрхлэгч Т.Мандахжаргал нар сонгогдлоо. Тус холбооны шийдвэр гаргах удирдлагын багт эмэгтэйчүүд давамгайлж, шинэ залуучуудаар эгнээгээ тэлж буйгаараа илүү онцлог болов.

Мөн Бодлогын зөвлөлд зохиолч, яруу найрагч Д.Ган-Очир, сэтгүүлч Я.Аранжинбаатар, “Цахиур.мн сайтын эрхлэгч Ц.Анхзул, Товч.мн сайтын эрхлэгч Д.Майцэцэг, Туг.мн сайтын эрхлэгч Б.Ариунтуул,  сэтгүүлч Б.Цэвэгмид, А.Эрдэнэбат нарыг сонгосон бол Хяналтын зөвлөлд У.Батсайхан Б.Эрдэнэбаяр, Д.Гэрэлхүү нар багтлаа.

Их хурлын үеэр сэтгүүлч В.Нэргүй “Зөв сэтгүүлч байх зүй, жишгийг тогтоомоор байна. Иймийн тулд залуу сэтгүүлчдийн мэдлэг боловсролд түлхүү анхаараарай. Мэдлэг чадвар тудмаг, сул байна. Үүнийг өөрчлөхийг хичээгээрэй, санаачилгатай, манлайлалтай оролцоорой” гэсэн бол залуу сэтгүүлч Т.Хуншагай “Сэтгүүлчдийн СЭТГЭЛ ЗҮЙГ ойлгоход анхаараарай. Залуу сэтгүүлчид маш гутранги байдалд ордог” болохыг тодотгов. Сэтгүүлч, зохиолч Д.Ган-Очир “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” болон “Оюуны өмчийн тухай” хуулийг сэтгүүлчид хамгийн сайн мэддэг, мэдэрдэг байх ёстой. Ёс зүйгээ баримталсан, бусдын оюуны бүтээлийг дээд зэргээр үнэлж мэддэг залуу үеийг бэлтгэхэд анхаараарай гэв.

Түүнчлэн цаашдын сургалт, сурталчилгаа, мэдээллийн уулзалт, хамтын ажиллагаандаа төрийн байгууллагын хэвлэлийн ажилтнуудыг өргөнөөр оролцуулдаг болох саналыг ч оролцогчид гаргав. Өмнөх жилүүдийн ажлаа дүгнэж, ирээдүйд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа шинээр бүрдсэн удирдлагын баг эрчимжүүлэх үүрэг хүлээн илүү олуулаа болж ажиллахаар боллоо.

Хурлын төгсгөлд Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн багш Т.Есөн-Эрдэнэ “Өдөр тутмын сэтгүүлзүй ба Дата сэтгүүлзүй” сэдвээр танилцуулга хийж, өдөр тутмын мэдээ мэдээлэл бодитой, баримттай бэлтгэх, түүнд онцгой анхаарахыг уриаллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.