Турк улсын даавуу үйлдвэрлэгч нар Монгол улсын ЖДҮ-ийг дэмжихээ илэрхийллээ
Үйл явдал
/
2023-05-20
Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих төв Туркийн даавуу үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох “Bircan Textile” компанийн төлөөлөгчдийг Монголд урьжээ.  Тэдгээр төлөөлөгчид, Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэгчидтэй өнөөдөр уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо
Тус дүүргийн хэмжээнд 870 орчим үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулдгаас 50 хувь буюу 429 нь оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг. Гэвч үйлдвэрлэлийн бүх түүхий эдийг худалдааны пүүсээр дамжуулж өндөр өртгөөр худалдан авдаг. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүн өндөр үнээр борлуулагдаж, зах зээлийн хуулиар масс үйлдвэрлэлийн хямд хувцастай өрсөлдөх чадваргүй болгодог аж.

Чингэлтэй дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр

Цар тахлын нөлөөгөөр оёдлын салбарын үйлдвэрлэл, тэр дундаа ЖДҮ эрхлэгч нар нэлээдгүй уналтад орсон. Тиймээс хамтын ажиллагаа, дэмжлэг чухал. Оёдлын үйлдвэрийн түүхий эд, даавууг дундын зуучлагч, худалдаачдаар дамжуулж өндөр өртгөөр авах бус, үйлдвэрлэгч нартай шууд холбогдож үйлдвэрийн хямд үнээр авахыг эрмэлзэж байна. Мөн чанартай, технологи шингэсэн даавуу нийлүүлж авахаас гадна текстилийн үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлж, хөрөнгө оруулахад хамтран ажиллана.Туркийн үйлдвэрлэгч нартай даавууг Монголд урьдчилсан зээлийн нөхцөлөөр авах болон лизинг, франчайз хэлбэрээр хамтран ажиллаж нийлүүлэхээр ярилцаж байна” гэв.

“Bircan Textile” компанийн төлөөлөгч Илхан Эрдэн

 “Бид 100 хувийн хөвөн даавуу үйлдвэрлэдэг. Манайх дэргэдээ хөвөн тариалах талбайтай. Мөн Тажикистан, Киргиз улстай хамтран ажиллаж хөвөн буюу түүхий эд авдаг. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа илүү ойр болж байна. Монголын зах зээлд Туркийн бараа, бүтээгдэхүүн, тэр дундаа хөнгөн үйлдвэрийн барааг их нийлүүлж байна. Бид дотоодын үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжсээр ирсэн. Тиймээс ч Турк улсаас түүхий эд гэхээс илүү эцсийн бүтээгдэхүүнийг дэлхий даяар нийлүүлж байна.  Мөн Монгол Улсыг үйлдвэрлэлээрээ хөгжиж буй том зах зээл хэмээн харж байгаа. Чингэлтэй дүүргийн удирдлага, ЖДҮ-ийг дэмжих төв, үйлдвэрлэгч нараа дэмжиж буй энэ хөтөлбөрт, хувь нэмрээ оруулах гэж байгаа нь бидэнд том завшаан” гэлээ. Тус компанийн хувьд онцгой байдал, цэргийн хувцас үйлдвэрлэдэг. Учир нь галд шатдаггүй, биед наалдахгүй, цус, тос, ус, толбо нэвтэрдэггүй зэрэг олон улсын стандартад нийцсэн даавуу үйлдвэрлэдэг аж. Дэвшилтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ олон улсын таван төрлийн патент эзэмшдэг байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.131.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.