Орон сууцны өрөөнүүдийн ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, СТАНДАРТТАЙ ТАНИЛЦ
Үйл явдал
/
2023-05-23

Орон сууцны барилгад тавигдах үндсэн шаардлагыг Стандарт, хэмжил зүйн газрын стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс 2006 оны 06 сарын 29-ны өдөр 20 дугаар тогтоолоор батлаад тухайн оны 07-р сарын 01-ны өдрөөс мөрдөж эхэлсэн байдаг. Энэхүү стандартын хамрах хүрээ нь олон айлын болон нэг айлын орон сууцны барилгад хамаардаг. Үүнийг бэлтгэхэд 14 стандартаас иш татаж, боловсруулсан.

Орон сууцны барилгад хүн оршин сууж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуй, гал аюулгүйн байдал, бат бэх, зэврэлт болон дуу чимээнээс хамгаалах, хүрээлэн байгаа орчны ба бичил уур амьсгалын параметрийн хэвийн нөхцөлийг хангахад энэхүү стандартын шаардлагыг мөрддөг. Орон сууцны барилгыг барихдаа холбогдох норм дүрмийн шаардлага хангасан, баталгаажуулсан зураг төслөөр гүйцэтгэх нь зүйтэй. Барилгын зураг төсөл зохиоход байгаль-цаг уур, газар хөдлөлт, геологийн нөхцөлийг зайлшгүй тооцсон байх ѐстой.

Барилгын хийц бүтээцүүд нь чийг, хасах хэм, орчны нөлөөлөл, биологийн ба бусад сөрөг хүчин зүйлийн болзошгүй нөлөөллийг тэсвэрлэх материалаар хийгдсэн байх шаардлагатай. Барилгын давхрыг, шал нь газрын төлөвлөлтийн түвшнээс дээш байрлах газар дээрх давхрын тоо (түүнээс гадна тухайн давхрын хучилт нь газрын түвшнээс 2 м-ээс дээш өндөр байх техникийн, адрын хучилтын, хаяавчны болон зоорины давхар орж тооцогдох)-гоор тодорхойлно. Барилгын өөр өөр хэсэгт давхрын тоо ялгаатай байхад түүний хэсэг бүрийн давхрыг тусад нь тодорхойлбол зохино.

Орон сууцны барилга нь инженерийн тоног төхөөрөмжийн төвлөрсөн ба бие даасан системтэй байх ѐстой. Үүнд: Усан хангамж, ариутгах татуурга ба ус урсгуур, хог зайлуулах, халаалт, агаар сэлгэлт, цахилгаан, радио, телефон, телевизийн төхөөрөмжөөр болон байгалийн хий хэрэглэдэг бүсэд хийн хангамжаар хангагдана.

Өндөр настан, тахир дутуу иргэд амьдрах орон сууцны барилгад БД31-101- 04-ийн шаардлагын дагуу оршин суух нөхцөлийг хангасан байна.

Орон сууцны барилгад хэрэглэх лифт нь MNS ISO 4190-2, 3, 5 :2003 “Зорчигчийн лифт ба үйлчилгээний лифт” стандартын шаардлагыг хангасан байна.

Орон сууцны барилгад тавигдах шаардлага дотор  иргэн тухайн орон сууцанд амрах, унтах, хоол бэлтгэх ба хооллох, ариун цэвэр-эрүүл ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулах бүхий л тав тухтай нөхцөл бүрдсэн байх ѐстой. Айлын сууц нь сууцны өрөө(зочны ба унтлагын), гал тогоо, ариун цэврийн (шүршүүрийн, угаалгын, бие засах өрөө) өрөө ба туслах өрөө тасалгаанаас бүрдэнэ.

Сууцны өрөөнүүдийн талбайн хамгийн доод хязгаар нь:

-Зочны өрөө 12мкв

 -унтлагын өрөөнүүд 8м2 (мансардын давхарт байгаа бол- 7м2 ),

-гал тогоо 6м2 байна.

Өрөөнүүдийн хамгийн бага өргөн нь: -гал тогоо ба хооллох-гал тогооны хэсэгт -1.7м,

-үүдний хэсэгт 1.4м,

-хонгил 0.85м,

-ариун цэврийн өрөө 1.5м,

-бие засах өрөө 0.8м байх ба харин бие засах өрөөний хамгийн бага гүн нь хаалга гадагшаа онгойход 1.2м, дотогш онгойход 1.5м байна.

Нэг буюу хоѐр түвшинд байрлахаар төлөвлөгдсөн айлын сууцны өрөө ба туслах өрөө тасалгаа нь харилцан тохиромжтой холбогдсон байх ѐстой.

Орон сууц нь тухайн барилгажуулах орчны уур амьсгалын нөхцөлтэй нийцүүлэн төлөвлөсөн задгай өрөө (тагт, лодж, халаалтгүй веранд)-тэй байхыг зөвшөөрнө.

Сууцны өрөөний өндөр нь шалны түвшнээс тааз хүртэл 2.5м-ээс багагүй байх ѐстой. Харин мансард /адар/-ын давхарт өрөөний өндөр нь 2.3м-ээс багагүй байна. Мансардын давхрын налуу хэсэгт тааз хүртэлх өндрийн хэмжээ хамгийн намхан хэсэгт 1.5м-ээс багагүй байвал зохино.

Олон айлын орон сууцны нэгдүгээр давхар болон адрын хөндийд нийтийн хэрэгцээний өрөө тасалгаа байрлахыг зөвшөөрнө.

Орон сууцны нэгдүгээр давхарт “Орон сууцны тухай” хуулиар зөвшөөрөгдсөн үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг барилга дотор ба өргөтгөлийн хэсэгт байрлуулахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд орон сууцны давхруудыг дуу, чимээ, доргилт, үнэр, хортой бодисын үйлчлэлээс хамгаалах ѐстой.

нийтийн үйлчилгээний зориулалт зэрэг нь оршин суугчдын болон гудамж, зам, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хийгдэх ѐстой, тус  тусдаа орцтой байна. Шат, хаалга, тоног төхөөрөмж зөөх бололцоотой, хүн явахад тохиромжтой, аюулгүй байдлыг хангасан байх ѐстой. Барилгын шат нь заавал бариултай байх бөгөөд шатны нийт уртын дагууд үргэлжилсэн, бариул дээр буюу бариулын хэсэгт ямар нэг саад учруулах зүйлгүй байна. Шатны гишгүүр өөр өөр өндөртэй байхыг зөвшөөрөхгүй. Зөвхөн MNS 1008 : 1982, MNS 2229 : 1982 шатны стандартад заасан хэмжээг мөрдөнө.

Шат, тагт, лоджи, террас, дээвэр ба бусад хүн унаж болзошгүй аюултай газарт 0.9 м-ээс багагүй өндөртэй хаалт хашлагатай байх ѐстой.

Ариун цэвэр-эрүүл ахуйн шаардлага Сууцны халаалтын систем ба хашлага хийц нь барилгажилтын бүсийн гадна агаарын тооцооны параметрт галлагааны хугацааны туршид сууцны өрөөг хангах дотор агаарын температурын доод хязгаар нь БНбД 41-01-02-ийн дагуу хүмүүс тогтмол байх бүх өрөөнд 18°С-ээс доошгүй, харин гал тогоо, бие засах өрөөнд 16°С, угаалгын ба шүршүүрийн өрөөнд 24°С байхаар тооцоологдсон байна.

Агаар сэлгэлтийн систем нь өрөөний агаарын шинж чанарыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх ба түүний жигд оролт болон тархалтыг хангах ѐстой. Айлын сууцны өрөө болон гал тогоо, ариун цэврийн (шүршүүрийн, угаалгын, онгоцны, бие засах) өрөө нь салхивчийн сорох байгууламжтай байна. Өрөөнүүдийн агаар сэлгэлт, кондиционер, агаар халаалтын систем нь БНбД 41- 01-02-ийн шаардлагад нийцсэн байна.

Инженер-экологийн хайгуулын судалгаагаар хөрсний хий /радон, метан, торина/ ялгардаг нь тогтоогдсон эдэлбэр газар дээр сууцыг барихдаа, сууцанд ул хөрснөөс хөрсний хий орохоос хамгаалахын тулд ул хөрстэй нийлэх шал ба зоорины ханыг тусгаарлах ба мөн эрүүл ахуйн нормын шаардлагын дагуу түүний концентрацийн хэмжээг багасгах зэрэг бусад арга хэмжээг авах шаардлагатай.

Сууцны өрөөний гадна ба дотор хашлага бүтээц, агаар дамжуулах хоолой ба дамжуулах шугамын дуу тусгаарлалт нь гадна эх үүсвэрээс ба инженерийн системийн тоног төхөөрөмжөөс үүсэлтэй дуу авиаг MNS 0012-1-009:1985 стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй бууруулдаг байх шаардлагатай.

Сууцны хашлага бүтээц нь гаднаас хүйтэн агаар орохоос хамгаалсан дулаан тусгаарлалт, агаар тусгаарлалт ба доторх өрөө тасалгааг усны уурын нэвчилтээс хамгаалах уур тусгаарлагчтай байх шаардлагатай. Сууцны өрөөнүүд нь бороо, цасны ус, хөрсний ус нэвтрэн орох болон ахуйн ус алдалтаас хамгаалагдсан байх.

Унд ахуйн хэрэгцээний халуун, хүйтэн усны чанар нь MNS 900-92 стандартад заасан шаардлагад нийцэх ѐстой.

Төвлөрсөн ариутгах татуургын системгүй нөхцөлд 1-ээс 2 давхар нэг ба олон айлын сууц нь гадна бие засах газартай байхыг зөвшөөрнө.

Гэрэлтүүлгийн нормын дагуу сууцны өрөө ба гал тогоог байгалийн болон зохиомол гэрэлтүүлгээр хангана. Туслах өрөө тасалгаа нь зохиомол гэрэлтүүлэгтэй байна.

Орон сууцны барилгад тавигдах галын аюулгүй байдлын шаардлага нь MNS 641:89, MNS 4999 : 2000 стандартын заалтад нийцсэн байна.

Орон сууцны барилгад БНбД 21-01-02-д заасны дагуу гал түймрээс урьдчилан сэргийлэх хэмжигдэхүүн, хүмүүсийг барилгаас цаг тухайд нь нүүлгэн шилжүүлэх, зэргэлдээ орших барилга, орон сууцны хэсэг(блок) рүү гал тархахгүй байх, мөн хүмүүсийг аврах ба галыг унтраах арга хэмжээг гүйцэтгэх галын байгууллагын бие бүрэлдэхүүн барилга руу саадгүй орох боломжийг хангасан байх ѐстой. Аль ч барилга байгууламж дотор гал гарах нөхцөлийг харгалзан барилгаас гадагш гарах/аврах/ гарцтай байна.

Төвлөрсөн дулаан хангамжгүй тохиолдолд дулааны энергийн эх үүсвэр болгон үйлдвэрт иж бүрэн хийгдсэн хийн буюу шингэн түлшээр ажилладаг автоматчилагдсан дулааны үүсгүүр/теплогенератор/-ийг хэрэглэх бол дулааны үүсгүүрийг сууцны нэгдүгээр давхар, хаяавчны давхар, зоорины давхарт буюу дээврийн хөндийд байрлуулна. Хатуу түлшийг хадгалах агуулахыг сууцны нэгдүгээр давхарт эсвэл хаяавч болон зоорины давхарт байрлуулж болно.

Хийн задгай зуухыг заавал үйлдвэрийн аргаар бэлтгэсэн байна. Шаталтаас үүсэх хаягдал бүтээгдэхүүнийг зайлуулах утааны сувагтай байх ѐстой. Задгай зуух ба хийн шаталтын автомат тоног төхөөрөмжийг байрлуулахдаа аюулгүй ажиллагааг хангах үйлдвэрлэгчийн зааврын дагуу тоноглоно.

Барилгын хийц бүтээцийн гадаргууд ил буюу далд угсрагдах цахилгааны шугам нь шаталт тархдаггүй бүрээстэй кабель болон тусгаарлалттай утсаар хийгдсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.