"Петрочайна Дачин Тамсаг" ХК нь хоёр ашиглалтын талбай дахь хог хариуцсан ажилтангүй зөрчил илэрсэн
Үйл явдал
/
2023-05-31
БОАЖЯ-наас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, байгаль орчны хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөв.

БОАЖЯ-ны Салбарын газрын дарга Б.Мөнхтогтох "Тавдугаар сард байгаль орчны салбарын хэмжээнд ой, устай холбоотой, зөвшөөрөлгүй ус ашигласан, цооног гаргасан зэрэг 145 гомдол хүлээж авснаас 78 гомдлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол 20 гомдолд зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналт дор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 24 гомдол мэдээлэл дээр ажиллаж байна. Зөрчлийн хэрэгт 90 иргэн, ААН-д 78 сая төгрөгийн торгууль ногдуулснаас 55.6 сая төгрөгийг барагдуулсан. 20 иргэн, ААН-д 59 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.

"Петрочайна Дачин Тамсаг" ХК-д хийсэн хяналт шалгалтын дүнг хүргэе. Иргэний нийгмийн байгууллагаас БОАЖЯ-нд тус компани байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн гомдол ирсэн хүрээнд шалгалт хийгдсэн.

Уг компанид байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлангийн хэрэгжилт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт, ус ашиглах гэрээ, дүгнэлтийн хэрэгжилт, худгийн тоолуурын баталгаажилт, химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөлтэй эсэх, хадгалалтын аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхийг шалгаж өгөөч гэдэг хүсэлт тавьсны дагуу эдгээр дөрвөн асуудлаар шалгалт хийсэн.

Илэрсэн зөрчлүүдийн талаар танилцуулъя.

  1. "Петрочайна Дачин Тамсаг" ХК-ийн 21 дүгээр талбай дээр Дорнод аймгийн стандарт хэмжилзүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторид хийсэн шинжилгээний дүнгээр хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ стандартын шаардлага хангаагүй. Хүрээлэн байгаа орчин, усны чанар, хаягдал усны ерөнхий шаардлага гэсэн Монгол Улсын стандарт байдаг. БОАЖ-ын, БХБ-ын сайдын 2019 оны хамтарсан тушаалд хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг тогтоосон байдаг. Шинжилгээний дүнг энэхүү жишиг хэмжээтэй харьцуулан тооцож үзээд ус бохирдуулсны төлбөр тавих зайлшгүй шаардлагатай байсан. Ингээд ус бохирдуулсны төлбөр дээр нэмээд нөхөн төлбөрийг ногдуулсан.
  2. 19 дүгээр талбай дээр Дорнод аймгийн стандарт хэмжилзүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторид хийсэн шинжилгээний дүнг үзэхэд ус бохирдуулагчийн хэмжээ нь стандартын шаардлага хангахгүй байна гэсэн тул мөн ус бохирдуулсны болон нөхөн төлбөр тооцож ажилласан.
  3. Тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь батлагдаагүй байсан.
  4. Тодорхой хоёр цэг дээр зөвшөөрөлгүй худаг гаргасан. Нэг цэг дээр үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан худгийн тоолуурын лац хөндөгдсөн, барилга байгууламж нь нурсан байгаа нь ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй байна гэсэн зөрчил илэрсэн. 

"Петрочайна Дачин Тамсаг" ХК-ийн 19, 21 дүгээр талбай дээр нийт 31 худаг байдаг. Дээр дурдсанаас бусад худаг лац, тэмдэгтэй, тоолууртай, ус ашигласны төлбөрөө тоолуурын заалтаар төлдөг нөхцөл байдал тогтоогдсон. Гэхдээ ус ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлдөггүйгээс 2021 оны 9 сар, 2022 оны 3 сар, 2023 онд 3 сар ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй байх үедээ үйлдвэрийн зориулалтаар ус ашигласан нөхцөл байдал тогтоогдсон.

Хоёр ашиглалтын талбай дахь хог хаягдлыг ангилан ялгадаггүй, туслан гүйцэтгэх компаниуд тогтоосон цэгт хогийг хаядаггүй, хог хариуцсан ажилтангүй зөрчил илэрсэн.

Тус компанийн 19 дүгээр талбайд тусгай зөвшөөрлийн жагсаалтад ороогүй магнийн сульфат, хөнгөн цагааны сульфат нэрийн химийн бодис, ус шахах процесст ашиглах тосгүйжүүлэгч, гадаргуу дээрх хальсан бүрхүүлэн тосыг цэвэрлэх бодис, ус цэвэршүүлэхэд хэрэглэдэг дөрвөн нэр төрлийн химийн бодис, полимерийн станцад ашиглаж буй гурван нэр төрлийн химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан, химийн бодистой харьцах үйл ажиллагааг зориулалтын байр талбайд явуулаагүй, химийн бодистой харьцах мэргэжлийн ажилтангүй байна гэсэн нөхцөл байдал тогтоогдсон.

БОАЖЯ-ны болон аймгийн ажлын хэсгийнхэн газар дээр нь арилгаж болох зөрчлийг арилгуулсан. Тухайлбал, химийн бодисуудыг нэгдсэн харуул хамгаалалттай зориулалтын байранд шилжүүлэн, лацадсан. 21 дүгээр талбайд туслан гүйцэтгэгч компанийн хог хаягдлыг цэвэрлүүлж ажилласан.

Ажлын хэсгээс "Петрочайна Дачин Тамсаг" ХК-ийн 19, 21 дүгээр талбайн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэршүүлсэн бохир ус нь Монгол Улсын стандартын шаардлагыг хангахгүй байна гэдэг дүгнэлтийг хийж байна.

2022 онд БОАЖЯ, хуучнаар МХЕГ-аас хийсэн хяналт шалгалтын явцад "Петрочайна Дачин Тамсаг" ХК өөрсдийн химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байсан асуудалд хэрэг үүсгээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Тостой, шороотой болон химийн бодисын хаягдалтай холбоотой асуудлаар мөн хэрэг үүсгээд устгуулах үүрэг даалгавар өгснийг тус компани гүйцэтгэсэн байдаг. Гэхдээ туслан гүйцэтгэгч компанид химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан зөрчил дахин илэрсэн" хэмээн мэдээлэв.

Улсын байцаагчийн авсан арга хэмжээ:

  • Тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь батлагдаагүй байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсгийг үндэслэн 500 нэгжээр торгох
  • Хог хаягдлыг ялгадаггүй, хаягдал ус нь стандартын шаардлага хангаагүй, туслан гүйцэтгэх компаниуд хог хаягдлыг тогтоосон цэгт хаядаггүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.13 дугаар зүйлийн 16.8 дахь хэсгийг үндэслэн 30,000 нэгжээр торгох
  • Ус ашиглагчийн үүргийг биелүүлээгүй, гүний усыг үйлдвэрийн зориулалтаар ашигласан, зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан зөрчилд Зөрчлийн хэрэг үүсгэн,  уг хуулийн 7.15.2 дахь хэсгийг үндэслэн "Петрочайна Дачин Тамсаг" ХК-д 5,000 нэгжээр торгох шийтгэврийг Дорнод аймгийн Аялал, жуулчлалын газраас ногдуулсан байна.

Химийн хортой, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Хэрэг үүсгэн шалгаж байгааг тэрбээр хэллээ.

Тухайн компанийн хоёр талбайгаас хөрсний 17 дээж авахад хөрсний хүнд металлын бохирдол илрээгүй гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.