Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнууддаа амжилт хүслээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-06-06

“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба нар БНӨСУ, Баруун Сахар, БНАКонгоУ, Йемэн Улс, Мали Улс, ТАБНУ болон Абей мужийн нутаг дэвсгэрт явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудтай цахим уулзалт хийж, баярын мэнд дэвшүүлэв.

Энэ үеэр хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн, НҮБ-ын цэргийн ажиглагч болон штабын офицеруудын төлөөлөл үүрэг гүйцэтгэлт, ажиллагааны газар орны цагийн байдлын талаар тус тус илтгэж, санал хүсэлтээ уламжилсан юм.

Батлан хамгаалах яам, удирдлагын зүгээс салбарын хууль тогтоомжийг үе шаттайгаар шинэчлэх, богино, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны оролцоо, боломжийг нэмэгдүүлэх, цаашид удирдах албан тушаалтны тоог ахиулах, “Мотобуудлагын батальон”, “Түргэн байрлах хүчний рот”, “Инженерийн рот”, “Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлэг”-ийг оролцуулах, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог үе шаттай нэмэгдүүлж, улмаар 15 хувьд хүргэх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг Батлан хамгаалахын сайд онцоллоо.

Мөн “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын сэтгэл зүйн байдал маш чухал. Иймд цэргийн багийн удирдлагууд алба хаагчдынхаа сэтгэлзүйг нь мэдэрч, ар гэрийнх нь аж байдал, үр хүүхдийнх нь хичээл сурлага, байр байдлыг байнга судалж, анхаарал хандуулах хэрэгтэй. Бие бүрэлдэхүүн эв нэгдэлтэй, сахилга, дэг журмыг чанд мөрдөж, цэргийн багийн удирдлага, шат шатны дарга, захирагч нарын тушаалыг чанд сахин биелүүлээрэй. Ингээд та бүхэндээ Олон Улсын Энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг хүргэхийн ялдамд гэр бүл үр хүүхдэд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улс Та бүхнээр бахархаж байгаа. Төр, түмнийхээ төлөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад салбарын сайдын хувьд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос өнөөг хүртэлх хугацаанд 21000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бол өнөөдөр дэлхийн 7 улс, мужид явагдаж буй НҮБ-ын мандаттай 9 ажиллагаанд 900 орчим цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.22.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.