Ойн хөнөөлт шавжийн нэгдсэн менежментийн чиглэлээр туршлага судаллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-02
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Ойн газар, Рио Тинто Монгол ХХК, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг нь “Эрүүл ой” төслийг 2023 оноос эхлэн ойн хөнөөлт шавжтай тэмцэх, ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг нэгдсэн менежментийн дор тогтвортой хэрэгжүүлж буй шилдэг туршлага бүхий АНУ-ын Ойн албаны үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан хаагчид, мэргэжилтнүүд туршлага солилцлоо.
?АНУ-ын Ойн алба нь ойд хор хөнөөл учруулж буй хэд хэдэн уугуул болон харь зүйлийн шавжтай тэмцэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нэгдсэн стратеги төлөвлөлт дор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүний нэг нь өрөөсгөл хүр эрвээхэй /Lymantria dispar L./ -н “Тархалтыг хязгаарлах” хөтөлбөр бөгөөд тухайн эрвээхэйн тархалт олширч эхэлж буй газар нутгийг бүсчилж, тархалтыг хязгаарлахад үржлийн үеийг сарниулагч буюу органик феромон цацаж биологийн аргаар тэмцлийн ажил хийдэг. Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр 100,000 гаруй феромонт урхийг газарзүйн мэдээллийн систем дээр суурилсан нэгдсэн системийн тусламжтай дээж талбай дээр байрлуулж, олшролын судалгаа хийдэг. Ингэснээр шинээр бий болж буй популяцийг болон тухайн шавжийн тархалт хязгаарлагдаж буй эсэхийг илрүүлэх, дараа нь хаана тэмцлийн ажил хийх зэргийг тодорхойлдог. Албан хаагчид агаараас тэмцлийн ажил хийж буй бодит байдал болон ашиглаж буй онгоц, техник, тоног төхөөрөмж, мэдээллийн систем, бэлдмэл зэрэгтэй газар дээр нь танилцав.
?Виржиниа Мужийн Технологийн Их Сургуулийн шавжийн лабораторийн үйл ажиллагаа болон нарс модны хөнөөлт зүйл болох Adelges tsugae A. (Hemlock woolly adelgid )-ийн тархалтыг биологийн аргаар бууруулах судалгааны ажлын явцтай танилцлаа. Тус харь зүйлийн хөнөөлт шавж нь шилмүүст модонд ур үүсгэж, их хэмжээгээр тархан хөнөөл учруулдаг бөгөөд Япон улсаас тээвэрлэгдэн ирж 1950 онд АНУ-ын зүүн хэсгийн Виржиниа мужид анх бүртгэгджээ. Уг шавжийн нөлөөгөөр шилмүүст модны мөчир, шилмүүс хатаж хуурайшин физиологийн доройтолд ордог байна. Виржиниа мужийн Технологийн Их Сургуулийн шавжийн лаборатори энэ зүйл шавжийн биологийн зохицуулагч уг хөнөөлт зүйлээр хооллогч махчин цохны Laricobius nigrinus Fender, 1945 (Coleptera: Derodontidae), L.asakensis, L.rubidus зүйлүүдийг лабораторийн нөхцөлд их хэмжээгээр бойжуулан сүүлийн 20 жил судалгаа хийсний үр дүнд хамтран ажилладаг улсын болон мужийн албад руу жил болгон зөөвөрлөж тэмцлийн ажилд ашиглаж байна.
?Вашингтон хотын Смитсониан байгалийн түүхийн музейн шавж судлаачид болон шавжийн цуглуулгын сантай төлөөлөгчид биечлэн танилцав. Дэлхийд хамгийн томдоо тооцогдох тус шавжийн цуглуулгын сан хөмрөг нь давхардсан тоогоор 36 сая орчим үзүүлэнтэй. Зуун тавин жилийн түүхтэй уг шавжийн цуглуулгын лабораторид нийтдээ 22 шавж судлаачид ажиллах бөгөөд хамгийн сүүлийн технологи арга барил ашиглан шавжийн цуглуулгыг баяжуулан, хадгалан хамгаалж, шавжийн мэдээллийн санг цахимжуулах ажлыг хийж байна. Мөн олон улсын шавж судлаачид, бусад орны музейн захиргаатай хамтран ажилладаг байна. Одоогоор харь зүйлийн болон хүнс хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн хохирол учруулаад байгаа хөнөөлт шавж дээр түлхүү ДНК болон молекулын судалгаа мөн төрөл зүйлийг тогтоох зэрэг судалгаануудыг хийж байгаа талаар танилцуулсан юм.
?АНУ нь ой хамгааллын арга хэмжээ, ойн эрүүл байдлыг хадгалах, хамгаалах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч орон билээ. Урт хугацааны судалгаа, шинжилгээ, хамтын оролцооны үр дүнд 20 гаруй жилийн туршлагыг бий болгож чадсан ба ойн санд хөнөөл учруулж буй ойн анхдагч болон хоёрдогч хөнөөлт зүйлийн судалгаа, ирээдүйн чиг хандлагын зураглалыг бодитоор харуулж чадсан юм. Монгол Улсын ойг эрүүл байлгахад хувь нэмэр оруулж болохуйц дэвшилтэт техник технологи, арга барил, боломжийн талаар танилцуулж, тус туршлага судлах албан томилолтыг зохион байгуулсан хамтран ажиллагч байгууллагуудад талархал илэрхийлье.
Монгол Улсын Ойг эрүүл байлгахын төлөө хамтран зүтгэе
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.3.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.