Б.Ууганбаяр: Үерт нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128,001 хүн үерт өртсөн
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-18

Үер, усны нөхцөл байдал болон сэрэмжлүүлэх мэдээллийн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас хэвлэлийн хурал хийлээ..  Энэ үеэр Улаанбаатар хотын үер усны нөхцөл байдал болон сэрэмжлүүлэг мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр танилцуулав. 

Тэрбээр "Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж Сэлбэ голын далан сэтэрснээр нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128,001 хүн үерт өртсөн. Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн үерт өртсөн 240 өрхийн 743 иргэнийг аюулгүй байдалд шилжүүлсэн.  Үерийн даланг бэхжүүлэхээр нийт 80 мянган шуудай, 900 метр куб элс, шороог байрлуулахаар 300 орчим машин механизм ажиллаа. Нийт 143 барилгаас ус соруулж, тухайн байрны СӨХ-д хүлээлгэн өгсөн. Одоогоор Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд нэг барилгын усыг соруулах ажиллагаа хийгдэж байгаа.

Үерийн улмаас хуралдсан 10.5 тонн лаг шаврыг зөөж, 2.2 сая ам метр талбайд халдваргүйжилтийн ажлыг зохион байгуулсан. Улаанбаатар хотод тохиолдсон үерийн гамшгийн үеэр харьяа байгууллагын 13,040 хүн үүрэг гүйцэтгэж, 2,800 техник хэрэгслийг ашигласан. Одоогоор нийслэл хотын ард иргэдийн амьдрал хэвийн байдалд орсон. 

"Үер усны томоохон гамшиг бус аялж зугаалах үед хүний амь нас эрсдэх тохиолдол гарч байна" Зөвхөн баяр наадмын амралтын өдрүүдэд есөн хүн усанд осолдлоо. Одоогоор дөрвөн цэгт зургаан хүний цогцсыг хайх ажиллагаа явуулж байна. Нас барсан хүмүүсийн дотор бага насны хоёр хүүхэд байгаа. Усанд амиа алдсан шалтгааныг судалж үзэхэд иргэдийн анхаарал болгоомжгүйгээс ихээхэн болж байна. Жишээлбэл согтуурах ундаа хэрэглэсэн, морь унаад гол гаталж байхдаа усанд осолдох гэх мэт.

Мөн бага насны хүүхэд гэрээс гарч сураггүй болсныг олоход усанд амиа алдсан байдалтай байсан. Мэдээллийг цуглуулахад гэрээс гараад явчихдаг гэсэн хэнэггүй байдлыг ярьж байна. 

Зарим аймаг, сумын тэмдэглэлт ой болж буйтай холбогдуулан ард иргэд хөдөө ихээр явж байгаа. Энэ үеэр усны ослоос сэргийлэх, хүүхэд багачуудад анхаарах шаардлагатай байгааг хэлье. Үер усны томоохон гамшиг бус аялж зугаалах үед хүний амь нас эрсдэх тохиолдол гарч байна. 

Олон нийтийн сүлжээгээр хөтөч залуу үерлэсэн голоор морь унаад гадаадын жуулчинтай гарч байгааг харлаа. Үүнийгээ эр зориг хэмээн бахархаж хөөрч байна. Гадаад дотоодын хэн ч байсан аюулгүй байдал нэгдүгээрт байх ёстой. Монголд зочлох жил болсон байхад иймэрхүү зүйлээс болж хүний амь эрствэл яах вэ. 

Хөдөө орон нутагт очоод хийлдэг гудас, цагариг ус руу шидчихээд дээр нь хэвтэж байна. Тэр нь гэнэт холбирдог. Согтууруулах ундаа хэрэглэчхээд усанд орох нь маш буруу. Сэрэмжлүүлэг өгөхөөр миний эрх чөлөө чамд ямар хамаатай юм гээд зөрж усанд ороод эндэх тохиолдол гардаг. Тиймээс маш анхааралтай байхыг хүсье" хэмээн ярив. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.76.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.