ОУХМ Б.Болдбаатар Говь-Алтай аймгийнхаа 100 жилийн ойд зориулан 1666 км гүйнэ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-27

Ахмад тамирчин Буриадын Болдбаатар төрөлх нутгийнхаа 100 жилийн ойд зориулан гүйж эхэлжээ Тэрбээр энэ сарын 5-нд Шарга сумаас гүйлтээ эхлүүлсэн бөгөөд аймгийнхаа 18 сум, хоёр тосгоныг тойрон 1666 км  замыг туулах юм байна.

Энэ сарын 20-ны байдлаар тэрбээр 11 дэх сумандаа очсон бөгөөд нийтдээ 1140 км замыг гүйж туулжээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл Монгол хүн " үндэсний хөдөлгөөн, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд зориулан өөрийн зүгээс барьж буй бэлэг болж байгаа аж. Мөн уг марафон  гүйлтийг Говь-Алтай  аймгийн Засаг даргын захирамжаар баталсан “Цэвэр-Алтай 100” аяны арга хэмжээтэй уялдуулан явуулж байгаа бөгөөд “Хантайшир-100” жилийн ойн хүрээнд  туг дэвтэр аялуулан, сумдад ойн хүрээнд хийгдсэн ажлыг тайланг фото зургаар баримтжуулан үлдээх юм байна. Б.Болдбаатарын хувьд  Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2020 онд 1040 км, 2021 онд 1200 км гүйсэн туршлага дээрээ үндэслэн ийнхүү бүх сумдаа тойрч эхэлжээ

Түүний хувьд өмнө нь Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны 90 жилийн ой, Говь-Алтай аймгийн Прокурорын байгууллага үүсэж байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд 2020 онд Говь-алтай аймгийн Алтай хотын төв талбайгаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай хүртэл “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” уриан дор 1040 км замыг туулан гүйлт  хийж  байжээ. Энэхүү 2020 онд гүйсэн гүйлтийнхээ амжилтыг бататгаж 2021 онд улс хувьсгалынхаа 100 жилийн ойгоор дахин гүйхээр Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар гэсэн маршрутаар “Эх түүхийн жимээр” уриан дор 1250 км замыг туулж хэт холын марафон гүйлтийг хийсэн байна. Алтай хотоос 2020 онд Улаанбаатар хот хүртэлх 1040 км,  2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1250 км замыг туулсан амжилтыг анхлан манлайлж 2020,2021 онд хэт холын зайны спортын төрөлд олон хүнийг гүйх сэдлийг төрүүлж араасаа дагуулан буухиалж чадсан билээ.

Тэрбээр ийнхүү  аймгийнхаа бүх сумыг тойрон  хэт холын марафон гүйлт хийснээрээ  зорьсон зорилгодоо хүрэх, хүүхэд залуучуудад зорьсон  зорилгодоо хүрэхийн тулд тэсвэр тэвчээртэй тууштай, зориг хатуужилтай байж чадвал амжилтад хүрнэ гэдэг хүсэл мөрөөдлийг сэдэлжүүлэн идэвхжүүлэх зорилготой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.7.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.