Ойн салбарт тогтвортой бодлого, менежмент хамгийн чухал
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-03

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа

Нэн тэргүүнд эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай

-Төр, засгаас ойн салбарын хөгжилд онцгойлон анхаарч, агентлаг байгууллаа. Өнгөрсөн хугацаанд Ойн судалгаа хөгжлийн төв, БОАЖЯ-нд Ойн бодлого, зохицуулалтын газар гэж цөөн хүнтэй бүтэц байсныг санаж байна?

-Тийм ээ. Ойн салбар маань хавсарга маягтай, ерөнхийдөө орхигдоод байсан юм. Гэтэл ерээд оноос өмнө Ой, модны аж үйлдвэрийн яам гэж байлаа. 2008-2012 онд агентлаг хэлбэрээр ажиллаж байсан удаатай. Ойн агентлагийг дахин байгуулсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилготой гэж ойлгож болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны төгсгөлөөр НҮБ-ын индрээс Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулна гэж амласан. Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол Монгол Улсыг ч тойроогүй, энэ гамшигт хамгийн их нэрвэгдэж байгаа орны тоонд багтсан. Тиймээс ч Монгол Улс байгаль орчны доройтлын эсрэг тэмцэнэ, илүү санаачилгатай ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь маш олон талын оролцоотой амжилтад хүрэх учир талуудын уялдаа холбоог хангаж чадах бүтэц, зохион байгуулалтын оновчтой шийдэл хэрэгтэй байлаа.
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлаг Ойн газар үйл ажиллагаагаа эхлээд найман сар өнгөрчээ. Энэ хугацаанд юу хийж бүтээв?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрхэн, яаж үр дүнтэй өрнүүлэх вэ, ингэхийн тулд байгууллагын бүтэц, зохион байгуулалт ямар байвал зохих вэ, ер нь энэ салбар маань цаашид хэрхэн, яаж хөгжих юм гэсэн чиглэлээр голлон анхаарч ажилласан. Өнгөрсөн хэдэн сард бид зорилтуудаа бүлэглэж, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулж, хаагуур, ямар мод, хэдий хэмжээтэй тарих вэ гэдгийг тодорхойллоо. Ойн газар өнөөдөр 38 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн хэлтэстэй, хэлтсүүд маань чиглэл чиглэлээрээ, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудаар тодорхойлогдсон асуудал нэг бүрийг хариуцан ажиллаж байна. Тэр дундаа Ойн нөхөн сэргээлтийн хэлтэст онцгойлон ач холбогдол өгч, үр, тарьц, суулгац хариуцсан болон сэрүүн бүсийн, говь, цөлийн бүсийн, түүнчлэн агро ойн аж ахуй хариуцсан мэргэжилтнийг томилон ажиллуулж байна.

-Ойн салбар үүсэж хөгжөөд нэгэн зууныг үджээ. Энэ хугацаанд бид юу олов, алдав гэвэл юм юм л байна даа?

-Монголчууд нүүдлийн МАА-н соёлтой ард түмэн. Ой болон байгальтайгаа олон зуун мянган жилийн турш шүтэн барилдлагатай байж, дээдэлж хамгаалж ирсэн. Гэвч сонгодог утгаараа, тэр дундаа ойн хамгаалалт гэж яривал тийм ч олон жилийн түүх байхгүй. Өнгөрсөн зуун жилийн 70-80 жилд нь үнэндээ ашиглалтын хэлбэр зонхилж байсан. Ойн нөөцийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг л голлон анхаарч, ургаа моддыг шилж сонгон, улс орны бүтээн байгуулалтад дайчилж байлаа. Ерээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн цаг үед бүх л салбар, тэр дундаа ойн салбар уналтад орсон. Бүгд л байгалийн баялаг руу хошуурсан. Ойн баялаг, нөөцийг хайр гамгүй цөлмөж, төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан, самар, жимсийг хүртэл мөнгө болгохоор улайрсныг бид мэднэ. Хууль бус ан агнуур ч эрс нэмэгдсэн. Ийм үед байгалиа хамгаалах л ёстой гэх үзэл хандлага маш хүчтэй дэлгэрч, төр, засгийн бодлого шийдвэрт ч нөлөөлсөн. Монгол Улс олон улсын байгаль хамгаалах байгууллага, санаачилгуудад идэвхтэй нэгдэх болсон. Хамгаалаад, хав дарах л ёстой гэхээс хэрхэн, яаж хамгаалах вэ гэдгээ нарийн тодорхойлж чадаагүй цаг үе байв. Харин сүүлийн таван жилээс хойш ашиглалт, хамгаалалт зэрэгцэж явах ёстой гэдгийг хаа хаанаа ойлгож байна. Ойн салбар хөгжлийн маш их боломж, бололцоотой юм. Бидэнд хөгжлийн гарц нээхийн тулд хийж хэрэгжүүлэх ажил их бий.

-Тухайлбал?

-Юуны өмнө эрх зүйн орчноо орчин үетэйгээ нийцүүлэн шинэчлэх шаардлагатай байна. Энэ зорилгоор Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж байгаа. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх байх. Ойн тухай хуулийг хамгийн сүүлд 2012 онд шинэчилсэн. Арав гаруй жилийн хугацаанд нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод хүчин зүйл их өөрчлөгдсөн байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ч хэрэгжиж эхэллээ. Цаг үетэйгээ нийцүүлж, эрх зүйн шинэчлэлтийг зайлшгүй хийхгүй бол ажил урагшлахгүй гацах талтай.
Талуудын оролцоог илүү хангасан, ойн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжсэн, олон нийтийн мод тарих санал санаачилга, идэвх зүтгэлийг өрнүүлсэн тогтолцоог хуулийн шинэчлэлтээр бий болгохыг зорьж байна. Ойн салбарт технологийн дэвшлийг аль болох ашиглах, бүртгэлийн системийг боловсронгуй болгох, Ойн тухай хуулийг бусад хуультай уялдуулах гэхчлэн олон асуудал бий. Бид шинэчилсэн найруулгын төслийг тал талаас нь нээлттэй, нухацтай хэлэлцэж гаргавал илүү урт хугацаанд хэрэгжих, амьдралд ойр хууль болно.
-Ойн салбарт төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байдаг юм бол?
-Ойн газар бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. БОАЖЯ-нд үйл ажиллагаа нь харьяалалтай. Сайдын багцад төсөвтэй, бид нэг л урсгалтай. Гэтэл ойн ангиуд хэвтээ бүтэцтэй байна. Орон нутгаасаа санхүүждэг, тэндээсээ томилогддог. Босоо бүтэцтэй болгох тухай ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, ойн ангиуд Ойн газартаа харьяалагддаг байх агуулгаар хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан. Өнөөдөр сумын болон сум дундын 45 ойн анги байна. Удирдлагууд нь байнга солигддог. Орон нутагт улстөржилт хэрээс хэтэрсэн. Ойн ангийн инженер, техникийн ажилтнуудыг сургалтад хамруулж, төлөвшүүлээд байж байтал халчихдаг. Хоёр жил, дөрвөн жил, заримдаа жилийн хугацаатай дахиад л шинэ цаасан дээр түүх бичих болдог. Салбарын бодлого орон нутагт тогтвортой хэрэгжихэд хамгийн их садаа болж байгаа юм энэ. Хэрэв босоо бүтэцтэй байвал төвөөс шаардлагуудыг тодорхой тавиад, мэргэжлийн хүнийг өндөр шалгуураар томилж, тогтвортой ажиллуулдаг болох юм. Ойн салбарын арга хэмжээ тасралтгүй үргэлжилдэг. Хөгжил нь урт удаан хугацааны төлөвлөлт байдаг гэдэг утгаараа тогтвортой бодлого, менежмент хамгийн чухал юм.

-Үнэхээр ажилдаа хариуцлагагүй хүн байвал сольж болохгүй гэж үү?

-Тэр бол өөр асуудал. Ур чадваргүй, ажилдаа хайнга, хойрго, хариуцлагагүй бол хэн ч байсан өмөөрөхгүй. Гэтэл улстөрийн шалтгаанаар сольж байдаг бол биш шүү. Газар дээр нь ажиллаж буй мэргэжилтэн бол бидний үнэт зүйл шүү дээ. Хуримтлуулсан мэдлэг туршлага, ур чадвар нь үнэ цэнтэй. Гэтэл орон нутагтаа хэн ч хамаагүй дээшээ гарч ирээд л улстөрийн шалтгаанаар халж сольдог байж таарахгүй. Мөнгө, техник хэрэгслийг хаанаас ч олж болно. Харин бэлтгэгдсэн мэргэжилтнийг хайгаад ч олохгүй. Бид өндөр зардал, их цаг хугацаа зарцуулан байж хүнээ сургалаа. Тогтолцоогоо өөрчилж чадахгүй бол ямар ч үр дүнгүй хоцорно.
Бид өнөөдөр шинэ хандлагыг бий болгомоор байгаа юм. Хүмүүсээ аль болох тогтвортой ажиллуулж, хөгжүүлж, санаачилгатай байлгах хэрэгтэй. Хэдэн залуусаа урт, богино хугацаагаар гадна, дотно сургаж байна. Цаашид ч сургах болно. Энэ зорилгоор гадаад орнуудаас өндөр мэргэжлийн хүмүүс урьж заалгаж байна. Тэд маань Хятадад цөлжилттэй яаж тэмцэж, мод яаж үржүүлж, тариалж байгааг нүдээрээ үзэг. Алс баруун хязгаарт, эсвэл өмнийн говьд байдал ямар байгаа юм, томилолтоор очоод өөрийн биеэр мэдэрч ажиглаг. Тэгээд цаасан дээр буулгах гээд байгаа бодлого шийдвэр яаж хэрэгжих юм гэдэг төсөөлөлтэй болог л дээ. Бусад улсын жишиг ч ийм.

Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ

-Ойн газрын гадаад хамтын ажиллагаа хэр хөгжиж байна вэ?

-Маш сайн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор олон улсын байгууллага, хандивлагчид, улс орнуудтай хэлэлцээ яриа их хийж байна. Энэ салбарын бүтэц, зохион байгуулалтыг тодорхой болгочихвол тухайн чиглэлдээ хандсан хөрөнгө оруулалтыг оруулж ирж болно. БНСУ гэхэд өнгөрсөн 10 гаруй жилд тасралтгүй хамтран ажиллаж байна. Тогтвортой, урт хугацаанд хангалттай сайн үр дүнд хүрч байна. Жишээлбэл, Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл гэхэд өнөөдөр гуравдугаар шат нь хэрэгжиж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэгэн эд эс болчихсон явж байна. 9 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтаар Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Улаанбаатарт мод үржүүлгийн газар бүхий сургалтын төв, дэд бүтцүүдийг бий болгож байна. Төслийг даган солонгос мэргэжилтнүүд ирж, монголчууд ч тэр улс руу явж байна.
БНХАУ-тай ч хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж байна. Монгол-Хятадын төрийн тэргүүнүүд цөлжилтийн эсрэг хамтран ажиллахаар өнгөрсөн жил мэдэгдэл гаргасан. Үүний дагуу хоёр улсын хамтарсан судалгааны төв байгуулах гэж байна. Хятад улсын 60, 70 жилийн хугацаанд цөлжилтийн эсрэг хийсэн томоохон ажил гэвэл 70-аад тэрбум мод тарьж ургуулсан явдал юм. Энэ нөр их хөдөлмөрийн явцад алдсан, оносон нь их байж таарна. Тэр туршлага, мэдлэгийг нь бид авна гэдэг бас л том хөрөнгө оруулалт.
Нүүрстөрөгчийн зах зээл маш том орон зай, боломж, бололцоог олгож байна. Дахин хэлэхэд, гагцхүү эрх зүйн орчноо ойлгомжтой, тодорхой болгон шинэчилж, зохион байгуулалтын олон асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна. Ойн салбар үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотой. Тэр утгаараа дэлхийн улс орнууд энэ салбартаа маш их хөрөнгө зарцуулж, ач холбогдол өгдөг. Ганцхан жишээ хэлэхэд, БНСУ-ын Үндэсний ойн агентлаг нь яамны статустай шахуу. Долоо, найман салбар хүрээлэн, бүсийн ойн аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалтын төвтэй. Агаараас түймэртэй тэмцэх албатай, тэр нь 40 гаруй нисдэг тэрэгтэй, 2000 гаруй албан хаагчтай. Үр хадгалах дэлхийд хоёрхон байдаг агуулах үрийн сантай. Богино болон урт хугацаанд үр хадгалах дэд бүтцийг бий болгочихсон, энэ салбартаа ингэж анхаардаг ард түмэн.
БНХАУ-ын Ой, бэлчээрийн үндэсний газар нь бас л яамны статустай. Ой, ан амьтан, бэлчээрээ хариуцаж байна. Бээжингийн их сургуулийг бүтцэдээ багтаасан байдаг. Бидний зорьж буй ирээдүй өнөөдрөөс эхлэх ёстой гэж хэлмээр байна.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд уул уурхайн 21 аж ахуйн нэгж, компани 608 сая, аймаг, нийслэл 680 сая, банк, санхүүгийн байгууллага 88 сая мод тарьж ургуулна гэж амласан. Тэгвэл олон нийтийн оролцоо хэр байх юм бэ?

-Маш чухал байх нь дамжиггүй. Гол хөдөлгөгч хүч бол олон нийт шүү дээ. Энэ бол бүх талын оролцоотой хийх ажил юм. Иргэн бүр хүчээ нийлүүлэх хэрэгтэй. Хэн нэгэнд мод тарьж өгч байгаа хэрэг биш. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа буян, нөгөө талаар хариуцлага юм. Монгол Улсынхаа төлөө, цаашлаад дэлхий нийтийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулж байна гэж ойлгоорой. Ийм сэтгэлээр хандвал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилтад хүрнэ. Тухайн айл хашаандаа мод тарилаа, тэр хүний л өмч. Хашаандаа модтой айлын 0,07 га модгүй айлынхаас үнэтэй байх ёстой. Таны хашаандаа тарьсан модноос ялгарч байгаа хүчилтөрөгчөөр хамгийн түрүүнд та, таны гэр бүл л амьсгална.
-Иргэн хүн мод тарья гэхэд мэдээлэл дутмаг, аргачлал мэддэггүй гэхчлэн бэрхшээл байна л даа?
-Хүмүүс нэг үеэ бодвол ойн талаар харьцангуй сайн ойлголттой болж байна. Бид “terbummod.mn” гэсэн портал нээлээ. Хөгжүүлж байна. Иргэн бүр тарьсан модоо энэ сайтад бүртгүүлж болно. Ингэснээр “Тэрбум мод” хөтөлбөрт хувь нэмэр оруулснаа баталгаажуулж байгаа хэрэг. Орон сууцанд амьдардаг, хашааны газаргүй хүн мод таримаар байвал “terbummod.mn” руу ороод хараарай. Хаана мод тарих боломжтой байна, газрын байршил, жагсаалт мэдээлэл бий. Хаанаас тарьц, суулгац худалдаж авах вэ гэвэл мод үржүүлгийн газрууд, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт, хаяг, утас байж байгаа. Мод тарьж ургуулах гарын авлага, видео контент, бүх талын мэдээлэл байршсан. Мэдээллийн баталгаатай эх үүсвэр чухал. Аливаа эрсдэлгүй байлгахын хичээж байна. Найдвартай худалдагч, чанартай тарьц, суулгацыг иргэдэд нийлүүлэхэд энэ сайт хувь нэмэртэй.

Самрын бизнес цэгцтэй, журамтай боллоо

-Хөнөөлт шавжтай тэмцэхэд, ялангуяа, хотын ойр орчмын ногоон бүсэд иргэд, ойн мэргэжилтнүүдийн дунд үл ойлголцол гардаг?

-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ой их доройтож байна. Ойгоо эрүүл, чийрэг байлгах, ойн менежмент, арчилгааг тасралтгүй хийх ёстой. Зарим хүн асуудаг. “Та нар ууланд яг юу хийдэг юм бэ?” гэж. Ойлгуулах ёстой юм байна. Жишээ нь, шавж гэж юу юм, олшрохоороо ямар хор хөнөөлтэй юм, яагаад судлаад, голомтыг нь олж тогтоох гээд байгаа юм гэдгээ хэлж байх хэрэгтэй аж. Тэгэхгүй бол таны хэлсэн шиг үл ойлголцол цөөн боловч гарч байна л даа. Хөнөөлт шавж устгах гээд очиход тэр орчинд амьдардаг хүмүүс ядаж холхон байж байх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр 700 мянга гаруй га хөнөөлт шавжид нэрвэгдсэн байна. Төсөвт 9 тэрбум төгрөг тавиуллаа. Гэтэл та холдоод өгөөч гээд гуйгаад барахгүй, ажил цалгардах болдог. Ийм байж таарахгүй л дээ. Бид шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн төлөөлөл учир хэлэх юмаа хэлээд, хийх юмаа хийгээд л явах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Хуш модны самартай холбоотой шинэ журам саяхан батлан гарсан?

-Самартай холбоотой бизнест маш их мөнгө эргэлддэг ч татварт бүрэн ордоггүй, хардлага, үл ойлголцол их байдаг. Энэ бүх асуудлыг нэг мөр цэгцлэхээр ажиллаж байна. Самар түүхээс эхлээд боловсруулах, тодорхой хэсгийг экспортлох үе шатуудыг ойлгомжтой, тодорхой болгож, нээлттэй, ил тод байлгахаар журам боловсруулан мөрдөж байна. Нэгдсэн платорм хийж байна. Хяналт, ашиглалттай холбоотой оролцогч талууд, тухайлбал, ойн анги, орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын болон аймгийн Засаг дарга нар, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид, цаашлаад БОАЖЯ, Ойн газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, ХХААХҮЯ, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд дундын платормтой болно. Энэ жил энэ аймагт ийм нөөц байна, төдийг нь олборлуулна, ийм ийм компани гэрээ хийсэн байна гээд бүх мэдээлэл системд орж байхаар, эрх бүхий байгууллагууд түвшин түвшиндээ ашигладаг байхаар бодож шинэчлэлтийг хийж байна. Жишээ нь, Сэлэнгээс энэ жил 1000 тонн самар түүлгэнэ гэж зөвшөөрөл гарч, татварынхан хэдий хэр татварын орлого төвлөрүүлэх вэ гэдэг төсөөлөлтэй болчихно. Хэн нэгэн дундуур нь орж 1200 тонн болгох боломжгүй. Товчхондоо оролцогч талуудын уялдаа холбоо хангагдаж, бүх мэдээлэл ширээн дээр ил болно гэсэн үг. БОАЖЯ, Ойн газар самрын ургац нөөцийг тогтоох, хамгаалах, ашиглах асуудлыг хариуцъя. Харин түүсэн самрыг бүтээгдэхүүн болгож, цааш экпортлох нь ХХААХҮЯ-ны мэдэлд байг гэсэн агуулгаар журамд тусгасан.

-Тухайн жилд түүх самрын дээд хязгаарыг тогтоож өгнө гэсэн үг үү?

-Тийм ээ. Ой руу ороод л, тултал нь авдаг байсан бол одоо тэгэхгүй. Жишээ татахад, Сэлэнгэ аймагт 1000 тонн гарлаа гэхэд дээд тал нь 300 тонныг л түүлгэнэ. Бусад нь байгальдаа үлдэнэ гэж хязгаарыг тогтоож өгч байгаа. Экспортлоход бас квот тогтоосон. Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн зориулалтаар 10.000 тонн түүлээ гэхэд чөмгөөр нь 40 хувийг нь л гарга. Бусдыг нь дотооддоо боловсруул гэж шахна. Ингэхэд байнгын болон түр ажлын байр бий болно.
Өөр нэг чухал өөрчлөлт нь, самрыг үр хэлбэрээр, хатуу хальстай нь экспортлохыг энэ журмаар бүрэн хориглосон. Самар бол генетик нөөц, гадагш гараад тарихад ургана гэсэн үг. Тиймээс заавал чөмөг хэлбэрээр, гэхдээ тодорхой хязгаар дотор экспортлох болж байна. Энэ нь хушин ойгоо хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх ач холбогдолтойгоос гадна самрын бизнестэй холбоотой мөнгөний урсгалыг тодорхой болгож өгнө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.