Өнгөрсөн шөнө Натурын зам дагуух нэгэн байранд дөрвөн удаа буун дуу гарсан болохыг ойролцоох оршин суугчид цахим хуудаст бичсэн. Тодруулбал, тус байрны нэг орцонд дөрвөн удаа буун дуу гарч түргэн тусламж ирээд явсан гэдгийг оршин суугчид мэдээлжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж байгаа юм.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Оюун:
-Өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад бусдын амар тайван байдалд заналхийлсэн хэрэг гарсан. Тухайлбал, хүний биед хутгатай этгээд халдаж, хэргийн газраас зугтаасан байсан. Хэрэгтнийг барихын тулд шуурхай эрэн сурвалжилж, БЗД-ийн 22 дугаар хороо бөхийн өргөөний нутаг дэвсгэрт тухайн этгээдийг саатуулсан. Тухайн хүн хоёр гартаа хутга барьж, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлсэн учир цагдаагийн бие бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн очиж иргэнтэй хэлэлцээ хийсэн. 22:10-00:10 цаг хүртэл хэлэлцээ хийсэн ч амжилтад хүрээгүй учир албадлага хэрэглэсэн.

Цагдаа хуульд заасны дагуу резинэн сумтай буу хэрэглэж, тухайн этгээдийг саатуулсан.
Цагдаагийн тухай хуулийн 47 дугаар зүйлд албадлага хэрэглэх тухай, 48 дугаар зүйлд мөн нэг бүрчлэн тусгасан байдаг. Бие хоёр цаг орчим иргэнтэй ярилцаж, аргагүй эрхэнд резинэн сумтай буу хэрэглэсэн.