УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг намрын ээлжит чуулганаар өргөн мэдүүлж, Үндсэн хуулийг хэрэгжүүлэхийг үүрэг болгов
Үйл явдал
/
2023-08-17

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.08.15) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, явц байдлын талаар мэдээлэл сонслоо

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.

Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр тогтоолоор Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай зэрэг багц хуулийн төслийг 2021 онд батлуулах ёстой байсан ч өнөөг хүртэл Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй байна. Энэ хуулийг хугацаанд нь баталсан бол баялгийн хулгай гаарахгүй байх боломжтой байсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт төслийн явцын талаар танилцуулав. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн боловсруулсан. Мөн олон улсын жишиг, энэ төрлийн сангуудын удирдлагын тогтолцоо, засаглалын загваруудыг судалсан. Өмнөх Засгийн газрын үед боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн концепцийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн тул Засгийн газраас дахин ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна гэлээ.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.245.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.