Д.Сумъяабазар: Надаас шалтгаалаад хүний амь эрсэдсэн бол БИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛЭН
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Энэ үеэр Хотын дарга болон УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх маш олон ажил байна. Хотын ажил гэдэг бол цаг наргүй. Улаанбаатар хотыг системтэй, бодлоготой хөгжүүлэхийн тулд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. Нийслэлийн харьяа 123 байгууллагад 48 мянган төрийн албан хаагч ажилладаг. Хотын оролцохгүй салбар гэж байхгүй. Тиймээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг системтэй бодлогоор үе шаттай шийдэхээр УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгуулсан. Энэ хүрээнд эрх зүйн шинэтгэл хийх ажлууд эрчимтэй явж байна.  Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа буюу өнгөрсөн 2021 онд баталсан. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан орлогыг Улаанбаатар хотод үлдээх түүхэн шийдвэр гарсан. Мөн анх удаа нийслэл үнэт цаас гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудынхаа хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой болж байна. Түүнчлэн нийтийн тээвэрт иж бүрэн буюу 1225 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Түгжрэлийг бууруулах хүрээнд холбоос зам, Яармаг, Зайсангийн гүүр, ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж буй. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний замын ачаалал 50 орчим хувиар буурах тооцоолол бий. Мөн зөвшөөрөлгүй хашаа, хайс, гарааш буулгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Нийслэлийн үнэт цаасаар хотын тулгамдаж байгаа асуудал болох орон сууцны бодлогыг дэмжих, авто зам, сургууль, цэцэрлэг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хөрөнгө оруулалтын нэмэлт эх үүсвэр болох “Эрдэнэс баян богд” төслийг  эхлүүлнэ. Хотын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ санхүүжилтээр шийдэх шаардлагатай. Эдгээр хөрөнгийн эх үүсвэрүүд Хотын хөгжлийн санд төвлөрч, Улаанбаатар хотын иргэдийн хараа хяналт дор, ил тод, нээлттэй байна.  

Үерийн улмаас гурван хүн амь эрсэдлээ. Та хариуцлага хүлээх үү? Та хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын төлөө хотын дарга болсон шүү дээ

Байгалийн гамшиг болсон байхад БИ ЯАХААРАА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ юм бэ. Надаас болсон зүйл байвал би хариуцлага хүлээхэд бэлэн. Битгий улстөржсөн асуулт асуугаад бай

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.102.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.