Тэргүүний ахлагч нарын чуулга уулзалт боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-29
Тэргүүний ахлагч нарын чуулга уулзалтад оролцлоо. “Таниас манлайлал эхэлнэ” уриан дор зохион байгуулагдсан уг чуулган нь Зэвсэгт хүчний хөгжилд ахлагчийн бүрэлдэхүүний үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, ахлагчийн албыг сурталчлахад чиглэгдсэн юм. Батлан хамгаалах салбарын үндсэн хүч болох ахлагчийн албыг хөгжүүлэх, албаны тогтолцоог шинэчлэн бэхжүүлэх явдал чухал. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 70 орчим хувийг эзэлж буй ахлагч нарын хувьд нэн тэргүүнд тавигдах асуудал бол ахлагч бэлтгэх сургалтын асуудал, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулах, нийгмийн хамгааллын асуудалд доривтой ажлуудыг хийх шаардлагатай байна.
 
2015 оноос “Зэвсэгт хүчний ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2021” баримт бичгийг хэрэгжүүлсэн бол 2022 оноос “Зэвсэгт хүчний ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр 2024”-ийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулан үе шаттай хэрэгжүүлж, үр дүн гарч буйд талархалтай байна. Өнөөдөр мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх зорилтыг хангахад Ахлагчийн бүрэлдэхүүн маань үндсэн “хөдөлгөгч хүч” нь болж, Зэвсэгт хүчнийхээ хөгжил, дэвшлийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн хөдөлмөрлөж байгаад бахархалтай байдаг. Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, шинэчлэх асуудал цаг үеийн нөхцөл байдалтай уялдан хурцаар тавигдаж байна. Бид уламжлалт арга барилаасаа татгалзаж, цаг ямагт хөгжин, дэвшиж, шинэчлэлийн манлайлагч нь байх учиртай.
 
Өнөөдөр Ахлагч нарын мэдлэг, ур чадвар улам дээшилж, дадлага, туршлага сууж, улмаар дээд боловсролтой ахлагч нарын эзлэх хувь тогтмол өсөж байгаа бөгөөд энэ онд гэхэд 1 алба хаагч “Цэргийн ухааны доктор”-ын зэрэг хамгаалсан явдалд Миний бие сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар ҮБХИС-ийн ЦНДС-ийн харьяанд байсан “Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв”-ийг ҮБХИС-ийн харьяа “Ахлагчийн политехник коллеж” болгох шийдвэрийг гаргууллаа. Ингэснээр ахлагчийг нэг жилийн хугацаанд сургаж, зөвхөн мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг байсан бол цаашид дипломын боловсролтой, мэргэжлийн ахлагч бэлтгэх боломж, нөхцөл бүрдэж тоо чанарт томоохон эргэлт, үр дүн гарна гэдэгт итгэл төгс байна. Мөн энэхүү чуулганд урилгаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын Ахлагч нарын төлөөлөл оролцож байгаа нь хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, бие биенээсээ суралцах зэрэгт бодит алхам болно гэж харж байна. Тэргүүний ахлагч нарын чуулга уулзалтын үеэр ахлагч нарын нийгмийн хамгааллыг дэмжих ажлын хүрээнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Бат-Амгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Харуул, үйлчилгээний тусгай ротын ахлагч, ахлах ахлагч Я.Бямбасүрэнд нэг өрөө байрны урьдчилгаа гардуулж өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.