Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-21
”Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх ньТогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь сэдвийн дор болж байгаа чуулганд дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн биечлэн оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд дээрх сэдвээр үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Таны удирдлага дор Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган дэлхий нийтийн өмнө тулгарч буй олон асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын асуудлаар бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэл төгс байна.  

Дэлхий нийтээрээ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, эл байдлыг тэтгэгч улс төр, эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын хөрс суурийг бататган бэхжүүлж, хүч, хөрөнгө зарцуулснаар бид амар амгалан аж төрөх төдийгүй ирээдүй хойч үедээ энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоосон дэлхий ертөнцийг үлдээж чадна.      

Эрхэм чуулганы дарга  аа,

Дэлхийн улс орнууд цар тахлын аюулыг даван гарсан хэдий ч геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдсэн хүндрэл, бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний дүрэм, олон улсын эрх зүйн тогтолцоо нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгараад буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг хамтын хүчээр даван туулахын төлөө дэлхийн улс орнууд улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэх явдал чухал байна.  

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн санаачилгууд, түүний дотор саяхан танилцуулсан “Энх тайвны шинэ хөтөлбөр”-т олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудлыг урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг сэргээх замаар шийдвэрлэхийг уриалсныг Монгол Улс талархан дэмжиж байна.

Цахим технологийн хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн хөгжил дэвшилд шинэ боломжуудыг нээж байгаа боловч нөгөө талаараа террорист халдлага үйлдэх, түүнийг санхүүжүүлэх, мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зэрэг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулдаг гэмт үйлдлүүдийг хувьсган өөрчилж байна.

Иймээс дэлхийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг эдгээр гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд бүх талаар хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож, олон улсын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна.

Эл чиглэлд Монгол Улс НҮБ болон түүний системийн байгууллагуудын санаачилга, үйл ажиллагааг бүрэн дэмжиж, “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын иж бүрэн конвенц”-ыг боловсруулахад идэвхтэй оролцож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.61.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.